“Засаг даргын явуулын өрөө” автобусанд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-15 12:53:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Засаг даргын явуулын өрөө”-г Налайх-Улаанбаатар, Улаанбаатар-Налайх чиглэлийн нийтийн тээврийн автобусанд энэ сарын 12-нд ажиллууллаа.


Энэхүү өрөөг Налайх дүүргийн 7 хороонд ажиллуулж, дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйл ажиллагааг нь сурталчлах зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Хуваарийн дагуу дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар нийтийн тээврийн автобусанд ажиллаж, иргэд, зорчигчидтой уулзан мэдээлэл хүргэв.

Уулзалтын эхэнд, энэ онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл хийв. Мөн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил энэ сарын 15-наас эхлэх тул иргэдийг зам хаах хугацаанд хүлээцтэй, тэвчээртэй байж авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг санууллаа. 

“Эрдэм Транс” ХХК-ийн Налайх дүүрэг хариуцсан тээвэр зохицуулагч н.Баттогтох дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай цуг автобусанд ажиллаж, замын ажил хийх хугацаанд нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэсэн юм. Түр замаар зорчих хугацаанд нийтийн тээвэр одоо байгаа хугацаанаасаа удаан явах учраас ажил алба, цаг зав, эрсдэлээ тооцож үйлчлүүлэхийг уриалаад шинэ зам ашиглалтад орсны дараахан 20 шинэ автобусаар үйлчилж эхлэх парк шинэчлэлийг хийсэн хэмээн хэллээ. 

Иргэд орон сууцны дээвэр, дулаалга, авто замын ажилд Налайхын иргэд ажиллах боломжтой эсэх, МСҮТ-ийн сургалттай холбоотой асуудлаар асууж, санал хэлж байсан бөгөөд газар дээр нь хариулт өгч, мэдээлэл хүргэсэн юм.

Холбоотой мэдээ