“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-15 09:19:33

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines компани “Boeing 737 Max 8” онгоцоор нислэг үйлдэх хугацааг ирэх зургадугаар сараас наймдугаар сарын дунд үе хүртэл хойшлуулсан байна.


Компанийн захидалд дурдсанаар, энэхүү шийдвэр нь аялал жуулчлалын оргил үе болох зуны улирлын үеэр үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.


Өнгөрсөн гуравдугаар сард “Ethiopian Airlines”, 2018 оны 10 дугаар сард Индонезын “Lion Air” компанийн нисэх онгоцнууд осолдож, олон зуун хүн амиа алдсантай холбогдуулан дэлхий даяар Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэхийг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.


Нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн мэргэжилтнүүд уг загварын нисэх онгоцны шүүмжлэл дагуулаад буй системд зориулан шинэ программ хангамж бүтээхээр ажиллаж байгаа юм.


American Airlines компанийн удирдагууд мэдэгдэхдээ, “Boeing” компани наймдугаар сарын 19-нөөс өмнө шинэчлэлтээ хийж дуусна гэдэгт итгэлтэй байгаа боловч энэхүү хугацааг хүртэл “Boeing 737 Max 8” загварын 24 онгоцоороо нислэг үйлдэхгүй гэжээ. 

Холбоотой мэдээ