Сансрын анхны нисгэгч Ю.Гагарин 85 настай байх байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-12 22:55:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1961 оны 4 дүгээр сарын 12. Зөвлөлтийн иргэн Юрий Алексеевич Гагарин энэ өдөр “Восток 1” сансрын хөлгөөр сансарт ниссэн. Түүнийг хуучнаар Зөвлөлтийн, одоогийн ОХУ-ын сансрын түүхээр зогсохгүй дэлхийн түүхэнд мөнхрөх гавьяа байгуулснаар нь дурсаж байна. ЗХУ-ын сансрын анхны нисгэгч Юрий Алексеевич Гагарин амьд сэрүүн байсан бол өнөөдөр 85 настай байх байлаа. 


Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Оросын Соёл шинжлэх ухааны ордноос гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Үзэсгэлэнгийн нээлтэд Орос, Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Монгол Улс, ОХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа оролцон, "Дэлхийд сансарт анхны мөрөө гаргасан энэ хүний замналаар Монголын анхны сансрын нисгэгч болж, сансраас дэлхийгээ харсан. Хуучнаар ЗХУ, одоогийнхоор ОХУ сансрын үйл хэргийг эхлүүлсэн, одоо ч дэлхийд сансрын замаа улам өргөжүүлэн ажиллаж байна" хэмээн онцлоод ОХУ-ын ЭСЯ, Оросын Соёл Шинжлэх ухааны ордны удирдлагад талархаж байдгаа илэрхийлэв.


Үзэсгэлэнд В.Гагарины болон сансрын хөлөг бүтээх, сансрын нисгэгчдийг бэлтгэж байсан үе, сансарт анх нисгэсэн хоёр нохой болон сансрын үйл хэргийг гардан гүйцэтгэсэн Ю.Королевийн ховор зургуудыг тавьсан байв. 

Холбоотой мэдээ