Гэр хорооллын 7220 өрхийг төвийн дулаанд холбоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд Баянхошуунд өрнүүлж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өгч байна.
Нийслэлийн гэр хорооллыг нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлэх дэд бүтцийн Дэд төвүүд байгуулах зорилтын хүрээнд гэр хорооллыг төвийн дулаанд холбох инженерийн дэд бүтцийн барилга гүйцэтгэлийн ажил Сонгинохайран болон Сүхбаатар дүүрэгт өрнөж байна. Ингэснээр 7220 өрх төвийн дулаанд холбогдох боломжтой болж, ирэх өвөл 28,500 орчим иргэн 10,000 тонн нүүрсийг хэрэглээнээсээ халах бодит нөхцөл бүрдэх юм. 2020 онд Баянхошуу, Сэлбэ дэд бүтцийн төв байгуулагдсанаар тухайн хэсгийн айл өрхийг дулаанаар бүрэн хангаж, дэд бүтцийг дагасан орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлэх юм. Ингэснээр 60 мянган тонн нүүрсний хэрэглээг халах боломжтой болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс хойш Сүхбаатар дүүрэгт барьж байгаа Сэлбэ дэд төвийн усан сан, насос станцын барилгын гүйцэтгэлтэй танилцана.