Токсоплазмоз өвчинтэй тэмцэхийн тулд муурнууд дээр туршилт хийхийг зогсооно

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-05 12:36:19

ВАШИНГТОН. /TASS/. Токсоплазмоз гэдэг аюултай өвчинтэй тэмцэх судалгааны хөтөлбөрийн хүрээнд муурнууд дээр туршилт явуулахыг зогсоох тухай шийдвэрийг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам /ХААЯ/ гаргажээ. Амьтадтай энэрэнгүй харьцахыг уриалдаг олон нийтийн байгууллагууд болон Америкийн зарим хууль тогтоогчид уг хөтөлбөрийг эрс эсэргүүцэж байгаа юм.


Тэдний үзэж байгаагаар, хүмүүст аюултай өвчинтэй тэмцэхийн тулд муурнуудыг вирусээр халдварлуулах нь маш хэрцгий үйлдэл ажээ. Уг  туршилтыг ХААЯ-ны дэргэдэх Судалгааны газрын лабораторид 1982 оноос хойш хийсээр ирсэн байна. Туршилт дууссаны дараа халдвартай амьтдыг устгаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 3 мянга гаруй муурыг устгажээ.


ХААЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ким Каплан-ы мэдэгдсэнээр бол “муурнуудыг вирусээр халдварлуулахыг өнгөрсөн оны 9 дүгээр сард зогсоосон бөгөөд халдвар аваагүй 14 муурыг лабораторийн ажилтнууд гэртээ авч тэжээх” аж.


Токсоплазмоз гэдэг нь эсийн доторх Toxoplasma gondii шимэгчээр үүсдэг өвчин бөгөөд шинж тэмдэг нь төдийлөн илэрдэггүй байна. Уг өвчинд дархлаа султай жирэмсэн эмэгтэйчүүд, хорт хавдар туссан, ДОХ-ын халдвар авсан хүмүүс илүүтэй өртдөг ажээ.


АНУ-ын ХААЯ-ны мэдээлэлд дурдсанаар, муурыг лабораторийн туршилтад оруулснаар токсоплазмозын тархалт тус улсад 50 хувиар буурсан байна. 

Холбоотой мэдээ