Тайваньтай холбоотой асуудлуудад болгоомжтой хандахыг АНУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-05 10:11:41

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-Тайванийн зэвсэгт хүчний бүх төрлийн харилцаа холбооны эсрэг байр суурьтай байгаагаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгджээ.


АНУ-ын Засгийн газрын бие бүрэлдэхүүн Тайвань дахь Америк Институтид 2005 оноос хойш ажилласан талаар лхагва гарагт тус институтийн хэвлэлийн төлөөлөгч анх удаа мэдэгдсэн юм.


АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч тухайн өдөр энэ талаар мэдэгдэхдээ, АНУ “Нэг Хятад” бодлогыг баримталдаг, Тайвань дах Америк Институтийн аюулгүй байдлын албанд АНУ-ын цөөн тооны бие бүрэлдэхүүн ажилладаг хэдий ч ажилтнуудын олонхи нь Тайваньчууд байдаг гэжээ.


“Тайваньтай албаны бус харилцаатай байх тухай тодорхой амлалтыг АНУ-ын талаас БНХАУ-д өгсөн” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлжээ. Мөн тэрбээр, “Нэг Хятад” бодлого нь БНХАУ-АНУ-ын харилцааны улс төрийн үндэс суурь бөгөөд АНУ цэргүүдээ Тайваньд байрлуулах нь “Нэг Хятад” бодлогын зарчим болон хоёр улсын байгуулсан хамтарсан гурван мэдэгдлийг зөрчсөн явдал болох төдийгүй хоёр улсын харилцаанд сэв суулгана гэж мэдэгдсэн байна.


“Амлалтаа биелүүлж, “Нэг Хятад” бодлого, хамтарсан гурван мэдэгдлээ баримталж, буруу үйлдлээ залруулж, хоёр улсын харилцаанд сэв суухаас сэргийлэхийн тулд Тайваньтай холбоотой асуудлуудад болгоомжтой хандахыг АНУ-д уриалж байна” гэж Гэн Шуан онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ