“Wall Street English” Монголд салбараа нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nyamtulga@montsame.gov.mn
2019-04-03 12:09:07
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /Thepienews/. Англи хэлний сургалтын үйлчилгээ үзүүлдэг “Wall Street English” компани Метро Девелопмент Групптэй франчайзын гэрээ байгуулж, Монголд салбараа нээхээр боллоо.


Тус компанийн анхны сургалтын төв удахгүй нийслэл Улаанбаатар хотод нээгдэх бол дахин дөрвөн төвийг дөрвөн жилд багтаан бусад томоохон хотуудад нээхээр төлөвлөжээ.


"Англи хэлний сургалтын эрэлт хэрэгцээ их байгаа болон гадаад хэлийг заах чиглэлд шинэчлэл хийгдэхгүй байгаагийн улмаас зах зээлд үүсээд буй заагийг арилгах зорилгод тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна" гэж “Wall Street English” компани мэдэгдэлдээ дурдсан байна.


"Англи хэлийг сурахад уян хатан, шинэ, орчин үеийн арга барил дутагдалтай байна. Энэхүү дутагдлыг нөхөхөд “Wall Street English” компанийн арга барил, загвар гайхалтай тохирно" гэж Метро Девелопмент Группын гүйцэтгэх захирал Б.Одсүрэн хэллээ.


Даяарчлал газар авахын хэрээр англи хэл сурах хүмүүсийн тоо нэмэгдэж, энэ төрлийн бизнесийн зах зээл тэлсээр байна. 2017 оны байдлаар англи хэл заах, сургах чиглэлийн дэлхийн зах зээлийн үнэлгээ 28 тэрбум ам.долларыг давсан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд зах зээл 80 гаруй хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ