Алжирын Ерөнхийлөгч Засгийн газрыг дахин бүрдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-01 10:58:32

АЛЖИР. /BBC/. Алжирын Ерөнхийлөгч Абделазиз Бутефликаг огцрохыг шаардсан хүмүүс олон долоо хоногийн турш жагсаал цуглаан өрнүүлсний дараа тэрбээр Засгийн газрыг дахин бүрдүүлсэн тухайгаа олон нийтэд мэдэгджээ.


Алжирын Төв телевизийн мэдээлснээр, тус улсын 27 сайдаас 21 сайдыг шинээр томилсон аж. Нуреддин Бедоуи-н хувьд Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэн хаших юм.


Мөн А.Бутефлика Батлан хамгаалахын сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болсон байна. Хэдхэн хоногийн өмнө дэслэгч генерал Ахмед Гаед Салах түүнийг огцрохыг уриалсан билээ.


Танхимын шинэ гишүүдэд Сабри Букадум багтаж байгаа бөгөөд тэрбээр Гадаад хэргийн сайдын албыг хашиж магадгүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


Үүний зэрэгцээ А.Бутефликатай ойр дотно харилцаатай томоохон бизнес эрхлэгч Али Хаддадыг хил залгаа Тунисын хилийг давахаар оролдох үед баривчилсан байна. А.Хаддад нь Алжирын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг ба Ерөнхийлөгчийг удаан хугацаанд дэмжсээр ирсэн нэгэн юм.


Алжирын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, өдгөө 54 настай А.Хаддад ням гарагийн өглөө Тунисын хилийг машинтайгаа давахыг оролдох үедээ Их Британийн паспорт болон их хэмжээний мөнгө биедээ авч явжээ. Түүнийг баривчилсан шалтгаан тодорхойгүй байна. А.Хаддад нь саяхан Алжирын үйлдвэрчний эвлэлийн тэргүүний албанаас огцорсон аж.


Ажиглагчдын мэдээлж буйгаар, А.Хаддад нь Ерөнхийлөгч А.Бутефликагийн хүрээллийн томоохон төлөөлөгчдийн нэг аж. Тэрбээр Алжирын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тэргүүний албыг хаших хугацаандаа А.Бутефликаг Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа нэр дэвшихийг дэмжиж байсан юм. Ерөнхийлөгчийн уг шийдвэр нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас тэрбээр шийдвэрээ цуцлахад хүрсэн. Гэсэн хэдий ч тэрбээр энэ сард зохион байгуулахаар товлосон ерөнхийлөгчийн сонгуулийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.


Өдгөө 82 настай Алжирын Ерөнхийлөгч 2013 онд цус харваснаасаа хойш олон нийтийн өмнө харагдах нь цөөрчээ. Тэрбээр Алжирын Ерөнхийлөгчийн албыг 1999 оноос хойш хашиж байна. 

Холбоотой мэдээ