Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг буурав

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-03-27 18:49:55


Бээжин /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хоёр сарын байдлаар БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийн ашгийн хэмжээ 14 хувиар буурсан талаар Хятад улсын Үндэсний Статистикийн газраас гаргасан тайланд дурджээ.

Авто машин, газрын тос боловсруулалт, ган төмөрлөгийн үйлдвэрлэл, химийн аж үйлдвэр зэрэг хүнд үйлдвэрийн ашиг буурсан нь аж үйлдвэрийн салбарын ашгийн хэмжээ буурсан гол шалтгаан болжээ. 

Статистик мэдээллээс харахад, энэ оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт ашиг 708 тэрбум юань болж 14 хувиар багассан байна.

Хятадын Үндэсний Статистикийн газрын Аж үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Жү Хун энэ талаар хэлэхдээ, “Хүнд үйлдвэрлэлийн ашиг буурсан болон борлуулалтын өсөлт удааширч байгаа нь аж үйлдвэрийн салбарын ашгийн хэмжээ багасахад нөлөөллөө” хэмээн тайлбарлав.

Аж үйлдвэрийн нийт 41 салбар байгаагаас 20 салбарынх нь ашиг нэмэгдэж, 20 салбарынх нь ашиг буурч, нэг нь өмнөх жилтэй адил дүнтэй гарсан байна.

                                                                                                                                                                                        А.Анхбаяр

Холбоотой мэдээ