Нийтийн тээврийн жолооч нарт заавар, зөвлөгөө өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІХ хуралдаанаар "Соёлтой жолооч" дэд хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр тус аймаг дахь Цагдаагийн газар болон Авто тээврийн үндэсний төвийн салбараас Өлгий хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг микро автобусны жолооч нарыг цуглуулж, заавар, зөвлөгөө өглөө.
"Саяхан баталсан "Соёлтой
жолооч" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэдэд үйлчилгээ үзүүлж буй
бүх нийтийн тээврийн хэрэгслүүдийн жолооч нарыг цуглуулж машины бүрэн бүтэн
байдал болон салоны ариун цэвэр, аюулгүй байдлыг шалгаж байна. Бидний
гол зорилго бол ард иргэдэд соёлтой үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний чанарыг
сайжруулах явдал юм. Яагаад гэвэл, бүрэн бус, салон нь бензин тос
асгарсан, бохир, халзан дугуйтай тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна гэх
мэт гомдлууд иргэдийн зүгээс олноор ирдэг" гэдгийг Авто тээврийн үндэсний
төвийн салбарын дарга Т.Сайдол хэллээ.
Өнөөдрийн байдлаар Өлгий хотод дөрвөн
чиглэлээр 76 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Аймгийн
Цагдаагийн газрын замын цагдаагийн байцаагч, ахлах дэслэгч А.Тилеубердийн
тайлбарласнаар ихэнх микро автобуснуудын насжилт хэтэрсэн,
зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүн авдаг, замын хөдөлгөөний дүрмийг
зөрчдөг, зогсоолгүй газар болон уулзвар, гарц дээр зогсон хүн
буулгадаг, суулгадаг зэрэг зөрчлүүд байнга гардаг гэнэ.
Тийм учраас
болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс бүрэн бус, аюулгүйн
болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүдийн жолооч
нарт зөвлөгөө, хугацаат албан шаардлага өгсөн бөгөөд эрх бүхий байгууллагын
шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд арга хэмжээ авах ажээ.