Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүн Хакүхо М.Даваажаргалыг шүүмжилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 15 дараалан давж 42 дахь түрүүгээ авснаар Хару башё өнгөрсөн ням гарагт /2019.03.24/ дууссан билээ.
Харин Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүн, Хакүхо М.Даваажаргалыг үзэгчдийг уухайлуулсныг шүүмжилжээ. Тодруулбал, Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Хаврын тэмцээнд Ёкозүна, Озэки цолтнууд залуучуудын өмнө хана болон зогсож, үүргээ сайн биелүүллээ. Хакүхо, Какүрюү хоёрын барилдаан ч үзэгчдийн сэтгэлийг татсан сайхан барилдаан болсон” гэж магтсан ч Их аварга Хакүхо ярилцлага өгөх үеэрээ Хэйсэй эриний сүүлчийн башё өндөрлөснийг алга ташин тэмдэглэж, үзэгчдийг уухайлуулсныг шүүмжилсэн байна.
Японы Сумо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл башё болгоны дараа хуралддаг юм. Тус зөвлөл өнгөрсөн тэмцээнд аваргууд хэрхэн барилдсаныг дүгнэхээс гадна, ёкозүна цол олгох эсэхийг шийддэг бөгөөд хаврын тэмцээний дараа ч Ёкозүнагийн зөвлөл ийнхүү хуралджээ.
Яно
Хиронори “Хэчнээн ёкозүна цолтой байлаа гээд жирийн нэг сумо бөх. Сумо бөх
“санбонжимэ” ёслолыг хийх ёсгүй. Урьд нь Хакүхо бас үзэгчдийг “Банзай” хийлгэж
байсан удаатай. Ингэж болохгүй гэдгийг манай зөвлөлөөс Сумо бөхийн холбооны
тэргүүнд хэлсэн. Энэ ёслолыг ямар нэг арга хэмжээ дууссан хойно хийдэг. Гэтэл
Хаврын башё бүрэн дуусаагүй байсан” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Санбонжимэ” гэдэг нь ямар нэг ёслол, арга хэмжээний үеэр амжилт хүсэн ерөөж, 3 удаа алга ташин, уухайлдаг ёслол юм. 2017 оны Кюүшюү башёд түрүүлээд ярилцлага өгөхдөө Хакүхо банзай хийж, холбооноос сануулга хүртэж байв.
Энэ удаагийн асуудлыг Сумо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс 28-ны өдөр хэлэлцэхээр болжээ. Холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Шибатаяма ояката “Уг нь Бөхийн ордны уур амьсгал сайхан болсон. Гэхдээ Зөвлөлийн шийдвэртэй санаа нийлэх зүйл байна” гэжээ.