Япон улсын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн туршлагыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-25 17:16:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Япон Улсын Хоккайда мужийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэн, профессор Ютака Хасегава тэргүүтэй төлөөлөгчдийг Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Баянхонгор сумын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн салбарт судалгаа, шинжилгээнд үндэслэн хамтран ажиллах талаар зөвшилцсөн байна.

Мөн албан байгууллага, иргэдэд хөрсийг хамгаалах, хөрсөнд тохирсон мод суулгац тарих аргазүйн зөвлөмж сургалтыг Баянхонгор сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулахаар болжээ.

Засаг дарга Ж.Мөнхсоёл болон бусад төлөөлөгчид 2017 онд Японд ажлын айлчлал хийхдээ хаягдал боловсруулан хөрсөнд шимтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах тоног төхөөрөмжийг Баянхонгор аймагт суурилуулах талаар зөвшилцсөн байдаг. Тус төхөөрөмжийг Баянхонгор аймгийн Өлзийт МСҮТ-д нийлүүлсэн бөгөөд утаа багасгадаг 1000 ш суулгац модыг тариад байгаа аж. Төлөөлөгчид тус үйлдвэрийн тоног төхөөрөмж Өлзийт МСҮТ-д суурилуулах ажлын явц болон утаа багасгадаг модны үр суулгалтын үр дүн, туршилтын явцтай мөн танилцжээ.

Холбоотой мэдээ