Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийн дүнг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам 55.2 хувь, МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 19 дүгээр тойрогт 52.7 хувиар хамгийн олон санал авчээ. Бямба гарагт болсон дахин сонгуулийн талаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар өнөөдөр мэдээлэв.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс, "Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгууль хуулийн дагуу явагдсан. Тойргуудад 50 хувиас дээш ирцтэй байсан учир сонгууль хүчин төгөлдөр боллоо. Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт 4657 сонгогч бүртгэлтэй байсан. Үүнээс 2647 нь саналаа өгч, 56,8 хувиар ирц бүрджээ. МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам 1460 сонгогчийн санал буюу 55.2 хувь, Монголын консерватив намаас нэр дэвшигч О.Мөнхтуяа 19 хүний санал буюу 0.72 хувь, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч н.Мягмардорж 24 хүний санал буюу 0.91 хувь, Монголын Ногоон намаас нэр дэвшигч н.Мөнхцэцэг 20 хүний санал буюу 0.76 хувь, бие даагч М.Алтанзаяа 989 хүний санал буюу 37.4 хувь, бие даагч н.Жаргал 114 хүний санал буюу 4.31 хувийн санал авчээ.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт нийт 7154 сонгогч бүртгэлтэйгээс 3850 хүн буюу 53.82 хувийн ирцтэй байв. МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 2029 хүн буюу 52.7 хувь, Консерватив намаас нэр дэвшигч н.Долгормаад 15 хүн буюу 0.35 хувь, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч н.Орхон 30 хүн буюу 0.64 хувь, Ногоон намаас нэр дэвшигч н.Мөнхзаяа 47 хүний санал буюу 0.21 хувь, бие даагч н.Уламбаяр 412 хүний санал 11.25 хувь, бие даагч Т.Туул 1277 буюу 35.94 хувийн санал тус тус авчээ. Дээрх хоёр тойрогт 11 772 сонгогч бүртгэлтэй. Үүнээс нийт дүнгээр 55 хувиар ирц бүрдсэн. Сонгуулийн тухай хуулийн 161.1, 161.3, 161.4-т заасны дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх гардуулдаг. Үүний дагуу Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгосон байна" гэв.
2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн зарим төлөөлөгчийн гомдлоор, Улсын дээд шүүх хэлэлцэж, тус дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан юм.