БРЕКСИТ ирэх зун хүртэл хойшиллоо

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-03-22 12:10:10

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй пүрэв гарагт мэдэгдэхдээ “Их Британи улс Европын Холбооноос /ЕХ/ гарах үйл явц /брексит/ эхлэх хугацааг 6 дугаар сарын 30-наас хойш дахин сунгахгүй, ингэхдээ хоёрдахь удаагаа бүх нийтийн санал асуулга явуулахгүй” гэлээ. Тэрбээр брекситийн асуудлаар шийдвэр гаргахаас булзаж, цаг алдаж буй парламентын гишүүдийг хатуу шүүмжилсэн байна.


Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө Т.Мэй Европын Зөвлөлийн дарга Дональд Тускт захидал илгээж, энэ сарын 29-нд болох ёстой брекситийн үйл явцыг 6 дугаар сарын 30 хүртэл хойшлуулж өгөхийг хүсээд, Европын Комиссын дарга Жан-Клод Юнкертэй хийсэн тохиролцоог тусгасан гэрээний дагуу гурван сарын дараа гэхэд ЕХ-ноос гарна гэж амласан байна. Энэ хүсэлтэд ЕХ “Их Британийн парламент тус улсыг ЕХ-ноос гаргах тухай гэрээг ирэх долоо хоногт дэмжсэн тохиолдолд л брекситийн хугацааг сунгаж болох юм” гэсэн хариуг өгчээ. 


Үүнээс өмнө Жан-Клод Юнкер брекситийн хугацааг 5 дугаар сарын 23-наас цааш сунгах боломжгүй гэдгийг Мэйд анхааруулан хэлж байсны учир нь тухайн өдөр болох Европын парламентын сонгуультай холбоотой аж. Энэ үеэр Их Британийг сонгуульд оролцуулахтай холбоотой хууль эрхзүйн хүндрэлтэй асуудлууд үүсч магадгүй гэж ЕХ болгоомжилж байгаа бололтой. 


Сануулан дурдахад, албан ёсоор бол Их Британи улс энэ сарын 29-ний өдөр ЕХ-ноос гарах ёстой байсан юм. Тус улсыг Европын Холбооноос гаргах эсэх асуудлаар 2016 оны 6 дугаар сарын 23-нд явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 51,9 хувь нь гаргахын төлөө байгаагаа илэрхийлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Европын Зөвлөл брекситийн гэрээг дэмжсэн бөгөөд уг гэрээ энэ оны 3 дугаар сарын 30-нд хүчин төгөлдөр болох ёстой байлаа.


Гэвч Их Британийн парламент Т.Мэйгийн засгийн газрын өргөн барьсан брекситийн гэрээний төслийг 2 удаа хэлэлцээд хүлээж аваагүй юм. Үүнтэй холбогдуулан Их Британийн Нийтийн танхимын спикер Жон Беркоу мэдэгдэхдээ “хэрвээ Ерөнхий сайд Т.Мэй брекситийн тухай гэрээнд тодорхой өөрчлөлт оруулахгүй бол парламент уг гэрээний төслийг 3 дахь удаагаа дахин хэлэлцэхгүй” гэжээ. Спикер татгалзсан шалтгаанаа тайлбарлахдаа, 1604 онд парламентын дүрэмд оруулсан заалт ёсоор тухайн асуудлын томьёололд нь томоохон өөрчлөлтүүд ороогүй тохиолдолд уг асуудлыг дахин дахин хэлэлцэхгүй гэсэн зарчмыг иш үндэс болгосон” гэжээ.


Үүний зэрэгцээ Ерөнхий сайдын хийсэн дээрх мэдэгдлийг Т.Мэйд таагүй ханддаг зарим парламентын гишүүд эгдүүцэн хүлээж авлаа. Лейборист намаас сонгогдсон депутат Билл Эстерсон твиттер хуудсандаа бичихдээ “Ерөнхий сайд хүлээлгэж хүлээлгэчихээд нөгөө л ярьдаг зүйлээ ярилаа, тэгээд бас өөрийнхөө бүтэлгүйтэлд өөрөөсөө бусад бүх хүнийг буруутгана гэнэ үү? “ хэмээн бухимдсан байна.


3 дугаар сарын 29-ний өдөр ЕХ-ноос гарна гэж Т.Мэй яг 198 удаа хэлсэн боловч одоо болохоор амласнаасаа буцаж, хугацааг хойшлуулах хүсэлт тавьж байна гэж өөр нэгэн депутат шүүмжилжээ.  


Британийн “Daily Mail”  сонинд нийтлэлч Питер Оборн бичихдээ “манай улсын удирдагчид телевиз, радиогоор ард түмэндээ шууд хандаж үг хэлэх нь тогтсон уламжлал биш бөгөөд улс оронд аюул учирсан үед л үгээ хэлдэг. Тухайлбал, 1939 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Ерөнхий сайд Невилл Чемберлен дайн эхэлсэн тухай радиогоор мэдээлж байсан” гэв.


Ж.Беркоу болон Лейборист намын гишүүдийн хийсэн дээрх мэдэгдлүүд нь Их Британи улс Европын Холбооноос гарахтай холбоотой асуудал улам ээдрээтэй болсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Их Британийн улстөрд мухардмал гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсчээ. Улстөрчид ЕХ-ноос гарах тухай гэрээний төслийг зөвшилцөн баталж чадахгүй байгаагийн зэрэгцээ тус холбооноос гарахаас татгалзаж мөн чадахгүй байна.


Өнгөрсөн 4 сарын хугацаанд парламентын зүгээс Т.Мэйд хоёр удаа итгэл үзүүлээгүй гэж үзэж болох бөгөөд брекситийн асуудал гуравдахь удаагаа бүтэлгүйтэх аваас Лейборист намын депутатууд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг сөхөж тавихад бэлэн байна. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногт болох санал хураалт нь Мэйгийн улс төрийн замналд шийдвэрлэх үйл явдал болно, учир нь хэрвээ Нийтийн танхимын гишүүд түүний санал болгож буй брекситийн гэрээний төслийг 3 дахь удаагаа дэмжихгүй бол тэрбээр огцрохоос өөр аргагүйд хүрнэ гэж ажиглагчид үзэж байна.                         

 

Британийн парламентын гишүүд брекситийн гэрээний төслийг дэмжихгүй байгаагийн нэг гол шалтгаан бол ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэх Ирланд улс болон Их Британийн бүрэлдэхүүнд ЕХ-ноос гарах гэж буй Умард Ирландын хооронд хилийн бүс тогтоох эсэх тухай асуудал юм. Хэрвээ талууд брекситийн шилжилтийн үе дуусах үед Умард Ирланд ба Ирландын хилийн асуудлыг шийдэж чадахгүй бол Умард Ирланд нь ЕХ-ны Гаалийн холбооны бүрэлдэхүүнд үлдэж магадгүй. Хоёр Ирландын хооронд “хатуу хил хязгаар” тогтоож заагласан тохиолдолд тэдгээрийн нутаг дэвсгэрт гаалийн өөр өөр дүрэм журмууд үйлчилж эхлэх бөгөөд энэ нь хоёр талын хооронд тогтсон хэврэгхэн эвлэрлийг бусниулж болзошгүй гэсэн болгоомжлол бий.


1998 оны Белфастын гэрээгээр хоёр улсын хооронд “хатуу хил хязгаар” байх ёсгүй гэж заасан нь Их Британийн зарим улстөрчдөд таалагдахгүй байгаа юм. Учир нь, тэдний бодлоор энэ нь Их Британи улсыг ЕХ-ны бүрэлдэхүүнээс “бүрэн гарч” чадахгүйд хүргэх аж. Гэхдээ брекситийн хэлэлцээрт оролцогч талууд уг асуудлыг 2020 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэнэ гэж амласнаа бичгээр баталгаажуулжээ. 


“Хатуу брексит”


Хэрвээ ийм байдлаар Мэйгийн санал болгосон төлөвлөгөөг Британийн парламент дэмжихээс татгалзсаар байх аваас Их Британи улс гэрээ байгуулалгүйгээр Европын Холбооноос гарна, эсвэл брекситийн хугацааг хойшлуулна. Гуравдугаар хувилбар гэвэл, сүүлчийн мөчид парламентын гишүүд үйл явцыг хяналтандаа авч, шийдвэр гаргаж магадгүй. Гэвч Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант “хууль тогтоогчид Брекситийн үйл явцыг хяналтандаа авах боломжгүй” гэдгийг хэлээд, засгийн газар шийдвэр гаргах ёстой, харин парламент олон улсын түвшинд хэлэлцээ хийх эрхгүй болохыг сануулав.  


Эхний гарц буюу гэрээ байгуулахгүйгээр ЕХ-ноос гарахыг улс төр судлаачид “хатуу брексит” гэж нэрлэж байгаа бөгөөд ийм үйл явц нь ЕХ-ны гишүүн орнууд болон Их Британийн эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулна, харин брекситийн хугацааг хойшлуулсаар байвал цаашдаа ер нь брексит болох эсэх нь эргэлзээтэй байдалд орох юм.                                                                                                                                

Британичууд ЕХ-ноос гэрээ хийлгүйгээр гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ холбооны гишүүн орнууд мягмар гарагт хэлэлцсэн байна. Тухайлбал, хэрвээ Их Британи улс нутаг дэвсгэрийн усан орон зайгаа хаасан тохиолдолд загас барих боломжгүй болох магадлалтай Европын загасчдад нөхөн төлбөр олгох гэх мэт. Түүнээс гадна, хатуу брекситийн улмаас Их Британийн зах зээлд жилд 7,2 тэрбум еврогийн бүтээгдэхүүн нийлүүлдэг Германы автомашины үйлдвэрүүд ихээхэн хохирол амсахаар байна. Үүний сацуу дэлхийн санхүүгийн төв гэгдэх Их Британи улсын байр суурь сулрах нь тодорхой. Лондон хотод зөвхөн Европын төдийгүй бусад тивийн орнуудын банкуудын төлөөлөгчийн газрууд төвлөрч, ЕХ-ны санхүүгийн нэгдсэн зах зээлийн давуу талыг ашигласаар ирсэн бол “хатуу брексит” болсон тохиолдолд ЕХ-ны гишүүн орнууд руу нүүхээс аргагүйд хүрнэ.


Төгсгөл


Брекситийг хойшлуулах тухай Т.Мэйгийн тавьсан хүсэлтийг энэ өдрүүдэд хуралдаж буй ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар шийдвэрлэнэ. Европын орнуудын удирдагчдын нэг нь л татгалзсан санал өгөхөд Британийн хүсэлтийг хүлээн авахгүй юм.

Австри улсын Канцлер Себастьян Курц 

Харин хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, брекситийн хугацааг 5 дугаар сарын 22 хүртэл хойшлуулах шийдвэрийг ЕХ гаргасан гэдгийг Австри улсын Канцлер Себастьян Курц мэдэгдлээ. Гэхдээ ирэх долоо хоногт болох Их Британийн парламентын хуралдаанаар брекситийн гэрээний төслийг дэмжсэн тохиолдолд л дээрх хугацааг баримтлан сунгана, харин дэмжээгүй тохиолдолд 4 дүгээр сарын 12 хүртэл сунгана гэсэн болзлыг ЕХ тавьжээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж:ввс.сом

 

 

Холбоотой мэдээ