Обамагийн айлчлалыг 1500 гаруй сэтгүүлч сурвалжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-21 13:03:16

ГАВАНА. /Prensa Latina/. Дэлхийн 50 орны 1500 гаруй сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Кубад хийж буй айлчлалыг сурвалжлахаар Карибын тэнгисийн тус улсад байна. Энэ тухай Кубын Гадаад хэргийн яамны олон улсын хэвлэлийн төв мэдээлжээ.

Америкийн засаг захиргааны тэргүүн хоёр орны харилцааг хэвийн болгох үйл явцад шинэ түлхэц өгөхөөр ням гарагт арлын Куба улсад хүрэлцэн ирсэн юм.

Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн 400 орчим төлөөлөгч Гавана хотод Цагаан ордны эзний бүхий л үйлдэл, хөдөлгөөнийг ажиглаж байна. Түүхэн үйл явдлыг мөн Кубын нийслэл хотод байнгын төлөөлөгчийн газар нь байхгүй “USA Today”, “Telemundo”, “Univision” зэрэг Америкийн телевизийн сувгууд болон сонинууд сурвалжилж байгаа аж.

Арлын хамгийн том хэвлэлийн төвийг “Tryp Habana Libre” зочид буудалд байгуулжээ.

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама гэргий Мишель болон хоёр охины хамт, мөн төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд багтсан тус улсын томоохон бизнес эрхлэгчид болон Конгрессын гишүүдийн хамт гуравдугаар сарын 22 хүртэл Кубад байх юм.

Обама ийнхүү Кубад айлчилснаар сүүлийн 88 жилд анх удаа тус улсад хөл тавьсан Америкийн анхны Ерөнхийлөгч боллоо.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ