“Эрдэнэс-Тавантолгой”-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-19 17:33:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.

УИХ-аас 2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааг Монгол Улсын иргэн бүрт адил тэнцүү 1072 ширхгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Улмаар Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлийг тогтоож өгсөн юм.


Дээрх хугацаанд хувьцааг “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн “амилуулж”, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар СЗХ болон “Эрдэнэс-Тавантолгой” компани бусад холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, боломжит хувилбаруудыг эрэлхийлж ирсэн. Үүний үр дүнд ийнхүү “ЭТТ" компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж байна.

Хувьцаат компани болон үнэт цаасыг бүртгэсэнтэй холбогдуулан СЗХ хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас мөрдүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, шаардлага шалгуур болон өгсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллахыг мэдэгдлээ.

Холбоотой мэдээ