“Зөв бичгийн дүрэм”-ийн талаар сэтгүүлчдэд сургалт зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Орхон аймаг дахь “Монгол хэлний салбар зөвлөл”–ийн гишүүд хэвлэл мэдээллийн
байгууллагын удирдлагуудтай уулзаж “Монгол хэлний тухай” хууль болон “Үндэсний
бичиг үсгийн өдөр”-ийг тэмдэглэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ,
мэдээллийн алдаа, зөв бичгийн дүрмийн талаар ярилцлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагын бэлтгэж
буй мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэгт үг үсэг, зөв бичгийн дүрмийн алдаа их
байгаа тул сэтгүүлч, уран бүтээлчдийг сургалтад хамруулах, олон нийтийг
эх хэлээрээ зөв бичихийг уриалж төсөл хэрэгжүүлэх, байгууллага бүр редактортой
болох гэсэн саналууд дээрх уулзалтын үеэр гарсан юм.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллага бүр эх
хэлний талаарх нэрийн нэвтрүүлэг бэлтгэх, хувийн хэвшлийн байгууллагуудыг
үндэсний бичгээрээ хаягжилтаа хийхийг
уриалах, олон нийтийн алдаатай бичиж буй үгийг судлах зэрэг олон асуудлыг
хэлэлцлээ.
Иймд тавдугаар сарын 3 буюу “Хэвлэлийн
эрх чөлөөний өдөр”-ийг угтан Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл
мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд “Зөв бичгийн дүрэм”-ийн талаар сургалт
зохион байгуулахаар боллоо.
Түүнчлэн Орхон аймагт ажиллаж буй монгол
хэл, уран зохиолын 90, тэтгэвэрт гарсан зөвлөхөөр ажиллаж буй 10 гаруй багшийг нийтлэл,
нэвтрүүлэгтээ оролцуулж соён гэгээрүүлэх
ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болов.