Улсын онцгой комисс Сүхбаатар аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-11 10:14:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын баг ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар аймагт өчигдөр ажиллалаа.

Ажлын баг тус аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм.



Аймгийн Онцгой комиссоос сумдад болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг явуулах үүрэг бүхий I, II, III ээлжийн 64 сайн дурын хэсгийн 700 гаруй алба хаагчийг Засаг даргын захирамжаар томилж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулсан байна.

Сүхбаатар аймгийн хувьд, өнгөрсөн онд таван суманд нийт 14 удаагийн хээрийн түймэр гарч,  91,9 мянган га талбай шатаж, нийт  548.2 сая төгрөгийн хохирол учирсан. Он гарсаар нэг хээрийн түймэр гарч, 480 га талбай шатсан байна.

Өнгөрсөн өвөл хур тундас бага орсны улмаас хавар эрт хуурайшиж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа. Тиймээс  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гарсан гал түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх, унтраах зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болгож аймгийн Онцгой байдлын газрын даргын албан бичгийг сумдад хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

Мөн түймрийн эрсдэл бүхий улиралд ой, хээрт амралт, аялал, зугаалгаар явах, байгалийн дагалт баялаг ашиглах, бугын эвэр түүх зэрэг үйл ажиллагааг хориглосон сумын Засаг даргын захирамж гаргуулахаар үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа хэмээн танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ