"Ээждээ захидал бичээрэй" уралдаанд А.Төмөрсүх түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-09 16:19:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ээждээ захидал бичээрэй" улсын уралдааны 10 шилдэг захидал шалгарснаас Архангай аймгийн Цэцэрлэг сумын А.Төмөрсүхээс ээж Аюушжавдаа бичсэн захидал тэргүүлжээ. Шилдэг захидлын шагналыг өчигдөр МҮОНРТ-ийн "600"-ийн студид гардуулав.


МҮОНРТ, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан уг улсын уралдааны шилдэг 10 захидлыг СГЗ Ж.Бямбаа, Б.Гантигмаа нарын нэвтрүүлэгчид уншиж сонордууллаа.



Захидлын уралдааны дэд байрт Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидал, гутгаар байрт Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн О.Адьяагийн Эрдэнэт хотод суугаа ээж Буянжаргалдаа бичсэн захидал шалгарсан байна.



Тэргүүн байрт шалгарсан А.Төмөрсүх шагнал гардах үеэрээ, “Маш их баяртай байна. Өглөө хань минь утсаар яриад өнгөрсөн шөнө хонь хургалж хоножээ. Манай ихэрлэдэг хамар цагаан хонь ихэр хурга гаргасан гэхээр нь өнөөдөр сайхан мэдээ дуулах нь гэж бодож байлаа. Бүх сайхан ээжүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе” гэв.



МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд оролцож, захидал бичсэн эрхэм хүндэт үзэгч, сонсогч, залуус, багачууддаа МҮОНРТ-ийн хамт олны өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Монголын бүх ээж нарт, эмэгтэйчүүдэд үр хүүхдийнх нь, нийт залуусын өмнөөс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал халуун мэнд хүргэе. Мөн энэхүү уралдааныг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг нарт талархлаа” хэмээв.


“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалтыг ”МЗЭ-ийн нэрэмжит шагналт, зохиолч М.Эрдэнэбат, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Отгонтогос нар шүүсэн байна.


Энэ жилийн уралдааны шилдэг аравт:

  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын оролцогч А.Төмөрсүхээс ээж Аюушжавдаа
  • Дорноговь аймгийн Эрдэнэ суманд суугаа Х.Цэрэндолгороос Төв аймгийн Баянцогт суманд суугаа ээж Дэнсмаадаа,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган суманд суугаа О.Цэнгэлсайханаас ээж Лхамаадаа,
  • Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ,
  • Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн О.Адьяагийн Эрдэнэт хотод суугаа ээж Д.Буянжаргалдаа,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Д.Батцэцэгээс Дархан-Уул аймагт амьдарч буй ээждээ,
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Энхзаяагаас эмээдээ
  • Хөвсгөл аймгийн Их-Уул суманд суугаа Батцэцэгээс хоёр ээждээ,
  • Чингэлтэй дүүргийн өндөр настан Я.Мөнхбаяраас ээж С.Янжинсүрэндээ,
  • Нийслэлээс оролцогч Г.Лхамсүрэнгээс ээж С.Янжиндуламдаа бичсэн захидал шалгарлаа.
Холбоотой мэдээ