НҮБ-ын дэмжлэгтэйгээр "Агаарын бохирдлыг бууруулсан жишиг аймаг" болох ажил өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-08 23:08:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ж.Мөнхсоёл ахлагчтай ажлын хэсэг НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Мөн үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангаас Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төслийн хүрээнд Баянхонгор суман дахь жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах, тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалах ажлын талаар зөвлөлдсөн байна. Тус үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор сумын гурван цэцэрлэг, гурван эмнэлэгт агаарын чанарыг хэмжих багаж суурилуулах бол мөн нэг цэцэрлэгийг сонгон агаарын чанарыг сайжруулах дотоод засвар үйлчилгээг хийхээр болжээ.

Түүнээс гадна дулаан алдагдлыг хэмжих багажийг хаяг бүхий өрхүүдэд суулгах, Баянхонгор аймгийг агаарын бохирдлыг бууруулсан жишиг аймаг болгоход цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг мөн үеэр зөвшилцсөн байна. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, жишиг бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд мэдээлэх, Баянхонгор суманд тулгамдаж буй хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндтэй холбогдох бусад асуудлыг танилцуулан, асуудлуудыг шийдвэрлэх аргазүйн зөвлөмж мэдээллийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүргэх аж.

Харин агаарын бохирдлыг бууруулахад иргэд, оршин суугчдын өөрсдийн хандлага, оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрт хүрээлэн буй орчноо хамгаалах дадал хэвшилд сургах, дулаан алдагдлыг бууруулах мэдээлэл, сургалт сурталчилгааг хамтран зохион байгуулж, тогтмолжуулах шаардлагатай болохыг талууд онцолж байсан. Цаашид Ногоон амьдралын хэв маягийн талаарх иргэдээс авах судалгааны ажилд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцож ажиллах юм байна.

Холбоотой мэдээ