"Ганц хором"-ын уураа "Уучлаарай" гэдэг үгээр солихыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-05 12:22:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Судалгаагаар хүний эрүүл мэндэд халдах нь нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах нөлөөллийн "Ойлголцох нэг хором" аяныг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс өнөөдөр эхлүүлэв. 



Тус аяны нээлт өнөөдөр "UB Palace"-ийн танхимд болсон бөгөөд нийгмийн салбар бүрийн нэр хүндтэй эрхмүүд зөв хандлага, зөв амьдрах ухаан, харилцааны соёл, хуулийн хариуцлага, сэтгэл зүйн талаар их, дээд сургуулийн 3000 орчим эрэгтэй оюутанд лекц сонсгов. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас "Залуучууд аа ганц хормын уур бухимдлаа "Уучлаарай" гэдэг үгээр сольё" хэмээх уриалга дэвшүүлсэн юм.



ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг, "Хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэгт хүүхэд залуус ихээр холбогдож, ял шийтгэгдэж байна. Тэдгээрийн 12 хувь нь хүнд гэмт хэрэг байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээд хэн нэгэнд өш хонзонгүй, санаатай хэрэг үйлдээгүй байдаг. Архидан согтуурах, хоорондоо маргаснаас тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлэлгүй хүний биед хөнгөн, хүнд гэмтэл учруулдаг байна. Энэ жил эхлүүлж байгаа "Ойлголцох нэг хором" аянаар дамжуулан дээрх төрлийн гэмт хэргийн гэм хорыг таниулах, уур бухимдлаа барих, хүнтэй эвтэй харьцах, хандлагаа өөрчлөхийг оюутан залууст ойлгуулахыг зорьж байна" гэв.



Хүний эрүүл мэндэд халдах гэмт хэргийг энгийнээр хэлбэл, зодолдох, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл юм. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн талаарх ухуулга, ойлголтыг иргэдэд эрчимтэй хүргэснээр энэ төрлийн гэмт хэргийн тоо буурсан бол, зодолдох, танхайрах гэмт хэрэг жилд 6-8 хувиар өссөөр байгаа аж. Судалгаанаас үзэхэд, хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг гуравдугаар сард ихээр гардаг байна. Иймд эл төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль, эрх зүйн мэдээллийг энэ сард олон нийтийн хэрэгслээр сурталчлахаар тус хэлтэс төлөвлөжээ.



ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс эхлүүлж буй тус аян улс орон даяар нэг сарын хугацаатай хэрэгжих бөгөөд Монголын Боксын холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, "JCI Mongolia", БСШУСЯ, их дээд сургуулиуд дэмжин оролцох аж. 


Хүний эрүүл мэндэд халдах гэмт хэргийн 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээ, шөнийн цэнгээний газар гардаг. Үүний нэлээд хувийг архидан согтуурсны улмаас үйлдсэн байдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг 22.00-06.00 цагийн хооронд хамгийн их гардаг байна.

Холбоотой мэдээ