Д.Өлзийбаяр:Шаамарын “Шар тохой”-д анхны тулаан эхэлж байсныг аав минь ярьдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-04 21:33:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ардын хувьсгалын ялалтыг авчирсан партизануудаа алдаршуулах, тэдний үр садыг хооронд нь танилцуулах, хойч үед нь мэдрүүлэх зорилгоор “Бид партизаны үр сад” аяныг хоёр жилийн хугацаанд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг удахгүй болох Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан хийж байгаа ажээ. Ингээд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, партизан Дамбийн хүү Өлзийбаяр гуайтай хийсэн ярилцлагаа хүргэе.

-“Бид партизаны үр сад” үйл ажиллагаанд ихэвчлэн партизануудын зээ, зээнцэр, ач, гуч нар нь иржээ. Таны хувьд яг төрсөн хүү нь гэдэг утгаараа их хувь заяа, ховор тохиол болж байна л даа. Хэн нэгэн хүний амнаас сонсож байсангүй. Яг амьд түүх болсон тухайн гавьяатны өөрийнх нь амнаас тэр үйл явдал, амьд домгийг сонсож явсан хүний хувьд та аавынхаа дурсамжаас хуваалцаач. Аав тань танд хэрхэн ярьж өгдөг байв?

-Би 1937 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд төрсөн. Энэ бол Шаамар сумын 7-р багийн нутаг. Манай эцэг бол ардын хувьсгалын 1921 оны партизан цэргийн үйл ажиллагаанд оролцож явсан хүн. Дангаараа ч биш ерөнхийдөө өөрийн төрсөн дүү Төмөрийн Дашням гэдэг хүнтэй хамт оролцож явсан байдаг. Энэ хувьсгалыг гардан байгуулах ажил анх энэ Шаамарын “Шар тохой” гэдэг газарт 100 гаруй гамингуудтай байлдаж анхны тулаанаа эхэлж байсан гэж аав минь өөрөө ярьдаг байлаа. Дараа тэгээд Хиагтыг эзлээд, одоогийн Улаанбаатар хотод очиж Да хүрээг эзлэх үйл ажиллагаанд оролцож явсан хүн байгаа юм.

-Хувьсгалын дараа танай аав ямар ажил хийж байв. Та эцгээсээ хэдүүлээ вэ?

-Манай аав одоогийн Алтанбулаг суманд больницод морь тэрэг хөтөлж байгаад 1952 онд өөд болсон. Манай аавын хамгийн том хүү нь Улаанбаатар хотод Цагдаагийн газрын анхны даргаар томилогдон ажиллаж байсан. Д.Дуламсүрэн гэдэг хүн байлаа. Тэгээд түүний дараагийнх нь би байна. Миний дээр бас нэг ах байсан. Тэр маань жимс ногооны САА-д няравын ажил хийж байгаад бас бурханы оронд очсон. Бид эцгээсээ гурвуулаа, одоо байгаа нь би л байна даа.

-Танай Шаамар сумаас өнөөдрийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч олон хүн иржээ. Танай нутгаас хичнээн партизан төрсөн байдаг вэ. Та ер нь аавынхаа алдар гавьяаг мөнхжүүлэх тал дээр ямар нэгэн үйл хийж байв уу?

-Манай Шаамар сумын 7-р багаас арав гаруй партизан байдаг. Би одоогоос 2-3 жилийн өмнө нутгийнхаа партизануудын нэрийг мөнхжүүлэх зорилгоор судалж, орон нутгийн судлах танхимдаа самбар хийж тавьсан. Тэгээд үзэхэд байгаа хүмүүс маань миний мэдэж байгаагаар цөөхөн тооны үр сад байсан. Зарим хүмүүсийг нь мэдэхгүй байсан. Гэхдээ залуучуудыг бодвол бас мэдэж байгаа юм л даа. Тэр хүмүүсээс өнөөдөр зарим нь ирсэнгүй. Дарханд 92 настай Доржпалам гэдэг хөгшин байсан тэр ирсэнгүй. Хэл очоогүй гэнэ. Энэ Сүхбаатар сумын Салхит багт Зэвгээгийн охин Нэргүй гэж байгаа. Тэр бас алга. Мөн Шаамарт Данзансүрэн гэж өвгөн партизаны үр сад байх ёстой. Тэр ирсэн үгүйг нь мэдэхгүй.

-“Бид партизаны үр сад” арга хэмжээ таны сэтгэлд хэр хийцэв. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй?

- Энэ бол маш зөв үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагааг өргөн болгоход хүн бүрийн тал бүрийн оролцоотой ажиллавал маш зөв зүйтэй болов уу. Бид нар өвөг дээдсээ, ах дүү, төрөл төрөгсдөө санан дурсаж ажиллана гэдэг бол надад их сайхан санагдаж байна. Энэ үйл хэрэг өшөө цаашаа өргөжин тэлж, олон түмэнд хүртээмжтэй, залуу хойч үеийнхэндээ үлгэр дууриал болоосой л гэж хүсэж байна даа.      

-Та ямар ажил эрхэлж байв. Өөрийнхөө ажил үйлсийн талаар яриач?

-Би Дулаанхаан тосгондоо насыг элээж байна даа. Ойн яамны системээр модны үйлдвэрүүдэд хэд хэдэн газарт ажиллаж байгаад 1960 онд Дулаанхааны Мод дамжуулах баазад ирсэн. Би модны үйлдвэрт гараашийн дарга, механикийн ажил хийж байсан. Уг нь инженер механикийн мэргэжилтэй. Тэгээд сүүлд захиргаанд орлогч даргаар ажиллаж байгаад 62 настайдаа 1999 онд чөлөөндөө гарсан. Миний хувьд Дарханд цементийн үйлдвэрийг барьж байгуулахад тэнд дөрвөн жил гаран ажилласан. Мөн Баруунхараагийн модны аж ахуйг засан хүмүүжүүлэх газраас тусгаарлахад бас тэнд ажиллаж байлаа. Ингээд ерөнхийдөө бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр яваад л ирсэн хүн дээ. Дулаанхаандаа бас засварын газар байгуулахад ажиллаж байлаа. Гэхдээ орчин үеийн үйл ажиллагааг маш сайн дэлгэрүүлж байсан. Социалист хөдөлмөрийн төлөө бригад болон ажиллаж, гавшгайчийн нэг, хоёр, гуравдугаар тэмдгийг бүгдийг авч, бүх үүргээ биелүүлсэн. Машин механизм, засварын газарт аж ахуйн тооцоотой бригад байгуулж, хоёр жил гаруй хугацаанд ажиллаад бас амжилтад хүрсэн. Иймэрхүү бүтээн байгуулалт болон өргөн олныг хамарсан  ажилд нэлээд оролцож явсан.          

Холбоотой мэдээ