Мазаалай хамгаалах өдөртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 15:45:25

Жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг “Мазаалай хамгаалах өдөр” болгон тэмлэгдэн өнгөрүүлж байхаар болжээ. Энэ жилийн мөн өдөр Баянхонгор аймгийн “Мазаалай танхим”-д маш ховор амьтан болох мазаалайн аламцагний чихмэл тавьсан байна. Мазаалайг Аврах Монголын Алхам ТББ, БОАЖГ, ХААН банк сан, ОНС музей, “Хонгор нутгийн дуудлага” хөдөлгөөн ТББ энэхүү танхимийг хамтран байгуулжээ.

Мазаалай нь хүрэн баавгайнаас биеэр жижиг, хосолмол хүнстэй, махан идэштэй ч гэлээ бажуун, хармагийн жимс  зэрэг ургамал, мэрэгчдээр  хооллодог. Мазаалай баавгайн байршил идээшил нутаг хэт их гандсанаар энэ зүйл баавгай өлсгөлөнд нэрвэгдэж эзэмшил нутгаа орхин идэш тэжээл хайж хаа хамаагүй тэнэдэг байна. Нийт үхэл хорогдлын 21 хувийг өлсгөлөнгийн шалтгаан эзэлж байгаа гэсэн албан бус тоо бий. Тиймээс “Хонгор нутгийн дуудлага” хөдөлгөөнөөс Мазаалайд туслах 1000 төгрөгний аянг өрнүүлсэн. Тус аянаар цугласан хандиваар мазаалайд идэш тэжээл тавьж өгөх ажлыг зохион явуулах аж.

Сонирхуулахад, Мазаалай баавгайг 1953 оноос агнахыг хориглосон байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 16 эр, 9 эм мазаалай баавгайд дохиолол зүүж судалгаа хийж байгаа юм байна. Мазаалай байнга ирдэг баян бүрд дээр 100м-ийн зайтай 60 камер байршуулан ажиглалт хийж байгаа гэнэ. Сүүлийн үед Мазаалайг 22-24 тоотой гэж хэвлэл мэдээлэлээр ярьж бичиж байгаа ч говийн их дархан цаазат газрынхны мэдээлснээр 40 орчим мазаалай байгаа юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ