"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Сингапурын компанид шилжүүлэх хүсэлтэд татгалзсан хариу өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-27 14:29:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ) "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Сингапурт байрлах  "ERDENET CORP PTE" компанид шилжүүлэх тухай "Монголын зэс корпорац"-ийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэв.

Тэрбээр, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг гадаадын компанид шилжүүлэх гэж байгаа тухай баримтыг анх Л.Оюун-Эрдэнэ гишүүн нийтэд дэлгэсэн ч "Монголын зэс корпорац" үгүйсгэсэн юм. Тиймээс уг мэдээллийг үнэн эсэхийг тодруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Уг асуулгын хариуг хүлээж авлаа. Энэ оны 1 дүгээр сарын 14-нд "Монголын зэс корпорац" УБЕГ-т "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг "ERDENET CORP PTE" компанид шилжүүлэхээр 88 хуудас материалыг бүрдүүлж хүргүүлсэн байна. Ингэхдээ тус үйлдвэрийн 49 хувийг 112 тэрбум 1 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд "ERDENET CORP PTE" компани энэ оны нэгдүгээр сарын 16-нд 80 мянга 326 сингапур доллар, 17-нд 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд шилжүүлсэн байна. "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" компани 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд хэлбэрээр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа. Тиймээс УБЕГ-аас "Монголын зэс корпорац"-ийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн" гэлээ.

Холбоотой мэдээ