Ш.Оргил: Сэлэнгэ аймагт хийх томоохон хөрөнгө оруулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-27 14:34:31

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсаны дараа, Азийн хөгжлийн банкны төслийн багийнхан төслөө танилцуулсан юм. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр, Өнөөдөр Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймгийн ажил байдалтай танилцаад явж байна. Ялангуяа Мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын газар. Тэр дундаа хамгийн гол асуудал нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаагаа эхлээд олон жил явж байгаа чөлөөт бүсийн асуудлыг хөндөн танилцлаа. Энэ дээр би аймгийн даргын хувьд байр сууриа илэрхийллээ. "Өнөөдөр 10 гаруй жил болсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүс гэж нэрлэгдээд танигдсан газрынхаа үйл ажиллагааг эхлээд ажлыг нь явуулмаар байна аа" гэж Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр ч энэ саналаа би шадар сайдад тавьж байсан. Үүний дараа дараагийнхаа үйл ажиллагааг явуулж баймаар байна. Эхэлсэн ажлаа хаячихаад дараагийн юмыг эхэлнэ гэдэг бол миний бодож байгаа зүйлд нийцэхгүй байгаа юм. Энэ асуудлаа би дахин өнөөдөр тавилаа.

Дээрээс нь нэг баяртай мэдээ бол шадар сайдын ажлын бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банкны төслийнхөн явж байна. Энэ төслийнхөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтын барилга, замын өргөтгөл, шинэчлэлт гэсэн маш том 27 сая ам.долларын ажлыг одоо ирэх 4 сараас эхлэх гэж байна. Энэ асуудлыг бид бүтэн хоёр жил хөөцөлдөөд бүтсэн хойно нь ажил хэрэг болохоор нь ард иргэддээ хэлье гэж бодоод чимээгүй байсан юм. Гэтэл энэ ажил маань  ирэх 4 сараас барилгын ажил, замын ажил нь зэрэг эхлэх гэж байна. Өнөөдөр энэ дөрвөн эгнээтэй замын зураг нь стандартын нийцсэн гэдгийг та бүхэн сая сонслоо. Энэ зам маань Алтанбулаг сумаар дайрахгүй. Алтанбулаг сум руу орж ирдэгээс шууд хилийн боомт хүртлээ долоон км, дөрвөн эгнээ зам байх юм. Дундаа амралтын авто зогсоолтой, хил дээр байх бүх үйлчилгээтэй байна. Бид олон улсын жишиг, стандарт боомттой болох гэж байна. Ингээд 4 дүгээр сараас барилгын ажил эхлэх гэж байна. Магадгүй  энэ ажил 1-2 жил үргэлжилж болно. Хамгийн гол нь энэ ажлыг эхлүүлж чадаж байна гэдэг бол бидний хамтын ажиллагааны үр дүн. Засгийн газраас Алтанбулаг боомтыг хөгжүүлье гэсэн хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд тавьснаар төслийн багийнхан ийнхүү ажилдаа орж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш их ажил болж байж энэ ажил биеллээ оллоо. Сонгосон газарт нь айлын хашаанаас нэг жаахан булан орчихсон байхад л болохгүй, бид энэ төслөөсөө татгалзлаа гэдэг хариу өгдөг юм байна лээ. Ийм учраас бид маш олон иргэдтэй, хүмүүстэй уулзсан. Газрын байршлаас шалтгаалсан хүндрэл бэрхшээлүүд олон гарсан тэр бүгдийг бид харилцан ойлголцож, тохиролцсоны үр дүнд одоо энэ ажил нь эхлэх гэж байна. Монгол Улсын хойд хаалга 24 цаг нээлттэй болсон. Иймд өнгө үзэмж, үйлчилгээ, барилга байгууламжаасаа эхлээд хамгийн гол нь хүнд хүрэх үйлчилгээ түргэн шуурхай, тав тухтай орчинг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Энэ маань өнөөдөр ажил хэрэг болж байгаад аймгийн дарга миний хувьд маш их баяртай байна. Өнөөдрийн Сэлэнгэ аймагт хийж байгаа том хөрөнгө оруулалтын ажлын эхлэл Монгол Улсын шадар сайдын ажлын айлчлалын хүрээнд бүрэн биеллээ оллоо гэдгийг аймгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлэх байна гэлээ.   

Холбоотой мэдээ