Өлгий сумын зургадугаар сургуулийг академич А.Мекейн нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-26 21:27:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 23 тоот тогтоолоор Өлгий сумын ерөнхий боловсролын зургадугаар бүрэн дунд сургуулийг Монгол Улсын Ардын багш, академич Абишийн Мекей агсны нэрэмжит болголоо.

Мөн тухайн тогтоолоор А.Мекейн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний шинжлэх ухааны бүтээлүүдийг олон нийтэд сурталчлах, нэрэмжит уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байхыг Өлгий сумын болон сургуулийн удирдлагад үүрэг болгосон байна.

Академич А.Мекей нь Монгол Улсад математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бүхий л амьдралаа зориулсан шилдэг эрдэмтдийн нэг байсан аж. Тэрээр 1972 онд Мосвкагийн Их сургуульд "Фейтийн нөхцөлтэй цагираг ба херстений олон гишүүнт" сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтний, 1994 онд "Төгслөг ассоциатив цагиргаар үүссэн цогцос ба түүний экстремал болон критик чанар" сэдвээр докторын зэргийн тус тус хамгаалжээ.

Тэрээр 1963 оноос 2013 он хүртэл Монгол Улсын Их Сургуульд багшлахдаа 150 гаруй бүтээл туурвиснаас 30 орчим ном, сурах бичиг, гарын авлага, 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж үлдээжээ.

Эрдэмтний судалгааны олон тооны бүтээл дотроос төгсгөлөг дөхөгдөх цогцыг тоймлол, цагирагийн онолд цогцын шулуун нэгдлийн ойлголтыг тодорхойлсон, критик цагирагийн нэгэн ангийг нээсэн зэргийг Оросын математикчид өндрөөр үнэлж, критик цагирагуудыг тоймлосон бүтээл нь математикийн шинжлэх ухаанд шинэ нээлт гэж үзсэн байдаг. Түүний хийсэн судалгааны ажлын үр дүнг 2012 онд барууны шилдэг математикчид “Мекейгийн бодлого” нэрээр алдаршуулж байжээ. 

Холбоотой мэдээ