Малчны хотонд чоно оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-22 16:26:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Их газрын чулууны орчимд нутагладаг Чулуут, Элгэн багийн малчдын хотонд ойр ойрхон чоно орж, 10, 20-иор тогтохгүй малыг сэглэж байгаа талаар Элгэн багийн Засаг дарга Ц.Алтангэрэл хэллээ. Энэ талаар Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтан Ш.Намсрайжаваас тодруулахад малчны хотонд чоно орсон гэх гомдол ирдэг гэлээ.

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас иргэдийн гомдлыг баримтжуулж, тус хамгаалалтын газарт байгаа чонын тоо толгойг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох саналаа холбогдох дээд байгууллагадаа хүргүүлээд байгаа ажээ.

Мэргэжлийн байгууллагаар тухайн газар нутгийн бэлчээр, малын тоо толгой, Улсын тусгай хамгаалалттай газар  нутагт байгаа чонын тоог тогтоосны дараа чоно устгах эсэх зөвшөөрлийг БОАЖЯ-аас авах шаардлагатай байдаг ажээ.  

Тус хамгаалалтын газарт байгаа чонын тоо толгойг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох төсөв хөрөнгийн асуудал одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа тул малчид аль болох эрсдэлд өртөхгүй байхын тулд хариулга маллагаагаа сайжруулах, тусгай хамгаалалттай газарт хэт их ойртохгүй байх шаардлагатай байгааг Их газрын чулууны  байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтан анхааруулж байна.

Хэрвээ мал сүрэгт нь чоно орсон бол малчид зураг хөргийг авч, тэмдэглэгээ хөтөлж, баримтжуулж байх шаардлагатай ажээ. 

Холбоотой мэдээ