Аврагчид угаартсан иргэний амь насыг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-22 00:10:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багийн иргэн Г. Осоржин иргэний үүргээ биелүүлж, хөрш айлын үүдний хэсгээс утаа гарч байхыг хараад Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн ахмад Д.Сандагдорж захирагчтай 1 дүгээр салааны ээлжийг хүрэлцэн очиход иргэн “Б”-ийн 12x6 хэмжээтэй байшингийн үүдний өрөөний хэсэг шатаж байжээ. Байшин дотор иргэн “Б” угаартсан байдалтай байсныг аврагч гал сөнөөгч ахлагч Г.Сүрэнжав, ахлагч С.Баттулга нар гал болон утаажилтийн бүсээс гаргаж, ахлах дэслэгч Б.Гаваадамба эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлснээр амь насыг аварсан байна.

Иргэн “Б”-ийн биеийн байдал сайжирч байна гэж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн  Эрчимт эмчилгээний тасгаас мэдээллээ.

Холбоотой мэдээ