Сумдын санхүүгийн албанд зөөврийн компьютер олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-20 09:25:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс орон нутгийн санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгууллаа.

Сургалтын үеэр 2019 оны төсвийн онцлогийг танилцуулж, орон нутгийн төсөвт орсон өөрчлөлтийг бүртгэж, цэгцлэх ажлыг хийж байна. Мөн энэ үеэр сумдын Санхүүгийн албанд албан хэрэгцээний зөөврийн компьютер олгож, CTS компанийн мэргэжилтнүүдтэй хамтран санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн програмын дадлага сургалт зохион байгуулсан юм.

Тус сургалтад сумдын Санхүүгийн албаны дарга, төрийн сангийн мэргэжилтэн, орон нутгийн байгууллага хариуцсан нягтлан бодогчид, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн Өмчийн газар, Биеийн тамир спортын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нийт 70 гаруй нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд хамрагдлаа.

Холбоотой мэдээ