Завханд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хоригложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-18 21:07:54

Завхан/МОНЦАМЭ/Завхан аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл, менингококкт халдварын тохиолдол бүртгэгдсэнээс болж, аймгийн Засаг даргын захирамжаар 2019 оны 2-р сарын 15-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үзвэр үйлчилгээ, нийтийн цуглаан, соёл урлаг, спортын болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлажээ.

Завхан аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 15.1 хувийг эзэлсэн, томуу, томуу төст өвчтэй иргэдээс авсан шинжилгээнээс долоон хүний сорьцод томуугийн H1N1 вирус илэрсэн, цаашид томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн томуу томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд хүндэрч Улаанбаатар хот руу хүүхэд тээвэрлэх, тээвэрлэлтийн явцад хүүхдийн эрүүл мэнд эрсдэх нөхцөл үүссэн, Улиастай сумд менингококкт халдварын тохиолдол бүртгэгдсэн тул дээрх захирамжийг гаргажээ. Захирамжийн дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу ажлын төлөвлөгөө гарган 24 сумын Эрүүл мэндийн төвийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах, халдварт өвчний нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, вакцинжуулалтыг хийж ажиллахыг аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газруудад үүрэг болгожээ.

Менингококкт халдварын эсрэг урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байна

Завхан аймагт менингококкт халдварын нэг тохиолдол 2019 оны хоёрдугаар сарын 14-нд бүртгэгдэж менингококкт халдвар бүртгэгдсэнээс хойш долоон минутын дараагаас ЭМГ-ын тархварзүйн баг одоог хүртэл шуурхай ажиллаж байна.

Ийнхүү хоёрдугаар сарын 14-нд менингококкт халдвараар өвчилсөн хүүхдийн хүмүүждэг Улиастай сумын зургадугаар цэцэрлэг, тус хүүхдийн эгчийн хүмүүждэг нэгдүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш Улиастай сумын Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатай түр зогсоожээ. Харин томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар Улиастайд 14 хоногийн хугацаанд олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээг хаах шийдвэр гаргажээ. Ийнхүү дээрх хоёр цэцэрлэгийн хүүхдүүдийг хамар, залгиурын үрэвсэл илрүүлэх үзлэгт хамруулж, цэцэрлэгүүдийг бүрэн халдваргүйжүүлээд байна. Мөн Улиастай сумын бусад долоон цэцэрлэгийн хүүхдүүдийг хамар, залгиурын үрэвсэл илрүүлэх үзлэгт хамруулжээ. Ийнхүү 2019 оны 02 сарын 14-ны өдөр 964 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Түүнчлэн менингококкт халдвараар өвчилсөн хүүхдийн ойрын хавьтал буюу /сүүлийн долоо хоногийн дотор нэг байр, орон сууцанд цуг байсан хүмүүс/ -ийг хамар залгиурын үрэвсэл илрүүлэх үзлэгт хамруулж, шинжилгээнд хамрагдах шаардлагатай 207 хүнийг шинжилгээнд хамруулж урьдчилан сэргийлэх үзлэгийг хийжээ. Харин энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн буюу бага ангийн хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүдийг давтан урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэлжээ. Ийнхүү өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн 269 хүүхэд, сургуулийн бага ангийн 1254 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Харин менингитийн эсрэг вакцинд 150 хүнийг хамруулжээ. Энэ долоо хоногт үргэлжлүүлэн аймгийн ЭМГ болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг ажиллаж өдөр бүр цэцэрлэг болон сургуулийн бага ангийн хүүхдүүдийг хамар залгиурын үрэвсэл илрүүлэх үзлэгт хамруулж шаардлагатай хүүхдүүдийг эрүүлжүүлэх арга хэмжээг авч байна. Менингитийн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай хоёроос дээш насны хүүхдийн судалгааг мөн гарган дархлаажуулалтыг хийж байна. Менингококкт халдварын талаарх урьдчилан сэргийлэх зөвлөмжийг аймгийн хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зурагт хуудас, цахимаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа талаарх мэдээллийг аймгийн ЭМГ-аас өглөө.

Менингококкт халдвараас урьдчилан сэргийлж болно

Улиастай сумд менингококкт халдварт өвчний тохиолдол нэг бүртгэгдэж, Монгол улсын хэмжээнд тархалт нэмэгдэж байгаа тул аймгийн ЭМГ-аас дараах зөвлөгөөг иргэдэд өгч байна. Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ? Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.  Бүх насны хүн өвчлөх боловч тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг байна. Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах. Биеэр цусархаг тууралт гарах, толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх, олон удаа бөөлжих, хоолонд дургүй болох, ядарч сульдах, татах. Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох, нэг хүртэлх насны хүүхдэд зулай түмбийж чинэрэх тохиолдолд та хамгийн ойр байгаа эмч, эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай юм. Менингококкт халдвараар бага насны хүүхдүүд, ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, хүндрэх хандлагатай байна. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүдэд урьдчилан сэргийлэх дараах зурагт хуудас 

бүхий зөвлөмжийг хүргэж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг доорх заавраар хийгээрэй.  Өглөө босоод, унтахын өмнө сармис, сонгино, нимбэг, давс, царван Фурациллин, тамидины уусмалын аль нэгээр хоолойг 5-7 хоног зайлах, 10 хоног завсарлан үргэлжлүүлэн зайлах, нэг удаа зайлахдаа 5-10 удаа давтах. Хамрын салстыг сонгино, сармисны тосон хандаар арчих, амны хаалт хэрэглэх шаардлагатай ба олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт гурваас дөрвөн удаа, халуун сүү, аарцыг тогтмол хэрэглэх, ялангуяа сармисыг хоолондоо угааж цэвэрлэн чанахгүйгээр хэрэглэхХалдварын сэжиг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж эмнэлгийн тусламж авах. Дотуур байр, цэцэрлэгт хүүхдийн орыг хооронд нь нэг метрээс багагүй зайд байрлуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Мөн энэхүү халдвараас урьдчилан сэргийлж болно хэмээн тус тус аймгийн ЭМГ-аас зөвлөв. 

Холбоотой мэдээ