Керри Минскийн гэрээний хэрэгжилтийг Москвад хэлэлцэнэ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-03-16 11:42:32

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх долоо хоногт Москвад айлчлах үеэрээ Украинд гал зогсоох асуудлаарх Минскийн гэрээ хэрхэн хэрэгжиж байгааг хэлэлцэнэ гэж Төрийн департаментын төлөөлөгч Жон Кирби мэдээлжээ.

Сирийн хямралыг зохицуулах асуудлыг хэлэлцэхээр Москвад айлчилж, Оросын удирдлагуудтай уулзахаар төлөвлөж буйгаа Керри урьд нь мэдэгдсэн байна.

“Тэд Украины асуудлыг, ялангуяа, Минскийн гэрээний хэрэгжилтийн талаар ярих байх гэж бодож байна” гэж Кирби хэлжээ. Тэрбээр мөн телевизийн “ВГТРК” сувгийн сэтгүүлчид Донбасст амиа алдсан хэрэгт холбоотой гэж буруутгагдаж байгаа Украины нисгэгч Надежда Савченкогийн хэргийн талаар хөндөж магадгүй гэдгээ үгүйсгээгүй байна.

2014 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн дараа өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын эсрэг Украины эрх баригчид 2014 оны дөрөвдүгээр сард цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. НҮБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр мөргөлдөөний улмаас 9000 гаруй хүн амиа алдсан байна. Донбассын байдлыг зохицуулах асуудлыг Минскийн холбоо тогтоох бүлгийн уулзалтуудаар хэлэлцэж байгаа юм. Тус бүлэг 2014 оны есдүгээр сараас хойш мөргөлдөөнийг газар авхуулахгүй зогсоох алхмуудыг зохицуулж журамласан гурван ч баримт бичиг баталсан. Гэвч түр эвлэрэх гэрээ байгуулсны дараа сөргөлдөгч талууд хоорондоо буудалцсаар байгаа юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ