Аймгийн төвийнхөн халаалтгүй өвөлжиж, хаваржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-15 23:47:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төвийг дулаанаар хангагч “Мандал Голомт” компанийн хоёрдугаар зууханд гэмтэл гарсан учраас эндээс халаалтаа авдаг албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд өнгөрсөн өвөл гэрээнд зааснаар дулаанаа авч чадалгүй өвлийг сарыг дуусгасан. Өдгөө хаврын тэргүүн сар гарсан ч цас орж, хүйтний эрч чанга хэвээр байгаа энэ өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хотынхон халаалт дулаанаа авч чадахгүй байгаа учир байранд амьдрах аргагүй болоод байна. 

Хүйтэн сэрүүний улирал болохоор л халаалттай холбоотой хэл ам тасардаггүй зуршил нэгэнтээ энэ аймагт тогтжээ. Даарч жиндсэн ард иргэд ихээхэн бухимдаж цахим орчинд сэтгэглээ илэрхийлээд байгаа юм. Тэд дулаанаар хангагч "Мандал голомт" компани хэрэглэгчдээ хүндэтгэ, өвөл хаврын алинд ч халаалтгүй байранд байсаар байгаад хүүхэд хөгшид ханиаднаас салахгүй байна, эрүүл мэнд, сэтгэл санааны хямралд өртөж байгаа учир халаалтын төлбөрөө төлөхгүй гэдгээ ч илэрхийлээд байна. Харин Говь-Алтай аймгийн нэгдсэн халаалтыг хариуцдаг “Мандал голомт” компани сүүлийн жилүүдэд айл өрхүүд халаалт дулааныхаа шугам сүлжээгээ бүрэн гүйцэт засварлаагүйгээс шугам хөлддөг нь халаалт дулаанд сөргөөр нөлөөлдөг хэмээн тайлбар өгсөөр ирсэн. Харин энэ жилийн тухайд нүүрсний чанар муу байгаагаас болж дулаанаар хангахад доголдол үүслээ гэлээ.  

Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймгийн тулгамдсан асуудлын нэг болоод буй халаалт дулааны асуудалд орон нутгийн удирлагууд болон компанийн зүгээс хариуцлагатайгаар хандаж үүргээ биелүүлэхийг иргэд хүсч хүлээсээр сууна.

Холбоотой мэдээ