Сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээг эргэж харахыг иргэд хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-14 10:15:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр  Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулиудад өөрчлөлт оруулж, сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан 2020 он хүртэл шат дараатай нэмэгдүүлэхээр баталсан билээ. 

Уг хуулийн дагуу сайн дурын даатгуулагчид 2017 онд сар бүр 28800, 2018 онд 31200 төгрөг төлж байв. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгосноор сар бүр төлөх шимтгэлийн хэмжээ 43,200 төгрөг болж өссөн бөгөөд 2020 онд 60900 төгрөгт хүрэх аж.

Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн нь сайн хэрэг боловч орон нутагт хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон ажилгүй хүмүүс, малчдын орлого энэ хэмжээгээр нэмэгдээгүй, эсрэгээрээ бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн зэрэг нь сайн дураар даатгал төлөхөд хүндрэл үүсгэж байгааг иргэд хэлж байна. Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн мэдээгээр Баян-Өлгий аймагт 2446 иргэн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ хийж, сайн дураар даатгал төлж байсан бол шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнээр энэ үзүүлэлт 30 орчим хувиар буураад байгааг албаны эх сурвалж баталлаа.

Тийм учраас төр засаг нийгмийн даатгалтай холбоотой дээрх шийдвэрээ эргэн харахыг алслагдсан бүс нутгийн иргэд  хүсэж байна.

Холбоотой мэдээ