Сумдын талхны цехүүд 70 гаруй хүнийг ажлын байртай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-15 11:56:36

Завхан/МОНЦАМЭ/.Завханы 20 суманд талх нарийн боовны цех ажиллаж, орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангаад зогсохгүй ажлын байрыг нэмэгдүүлжээ.

Анх Завхан Хүнс групп ХХК-нийн санхүүжилтээр 2016 онд Завханы 15 суманд талх нарийн боовны цехийг барьж байгуулан тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ.
Түүнээс хойш бусад сумын иргэд санаачилгаараа Сум хөгжүүлэх сангийн дэмжлэг болон өөрийн хөрөнгө оруулалтаар жижиг цехүүдийг байгуулснаар 20 сум өөрийн сумын нэрийн талх, нарийн боовыг үйлдвэрлэдэг болжээ. Ийнхүү нэг сумын жижиг цехэд 3-4 хүн ажлын байртай болсноор 20 сумын 70 гаруй ажилгүй иргэд байнгын ажлын байраар хангагджээ. Ингэснээр сумын иргэд сумандаа үйлдвэрлэсэн шинэхэн талх, нарийн боовыг хэрэглээд зогсохгүй тэмдэглэлт баяр ёслолын үеэр бялуу, кекс, пицца, хэрчсэн гурил гэхчлэн аймгийн төвөөс тээвэрлэдэг байсан нарийн боовныхоо хэрэгцээг бүрэн хангагддаг болсон байна. Сумдад үйлдвэрлэгдсэн талх нарийн боов аймгийн төвд борлуулагдаж буй бүтээгдэхүүнүүдээс даруй 500-800 төгрөгийн хямд байдаг гэнэ. Гэхдээ зарим суманд 5000 төгрөгийн үнтэй талх ч байдаг ажээ. Ийм үнэтэй бүтээгдэхүүний нэг нь Ургамал сумын хөөлгөгчөөр биш хөрөнгөөр исгэдэг, амттай, орц найрлагыг хэрэглэгч захиалагчдынхаа хүсэлтээр баяжуулдаг, дөрвөн талхтай тэнцэх том хэмжээтэй, зөвхөн захиалгаар өдөртөө хийж борлуулдаг талх юм. Ер нь сумдын талхны цехүүд нь өдөр өдөртөө үйлдвэрлэгдээд борлуулагддаг, дэлгүүрийн лангуун дээр уддаггүй онцлогтой хэрэглэгчдээ татсан амттай бүтээгдэхүүн байж чаддаг ажээ. 

Холбоотой мэдээ