Он гарснаас хойш Өлгий хотын 42 иргэн угаарын хийд хорджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-13 13:09:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод он гарснаас хойш 14 өрхийн 42 иргэн угаарын хийн хордлогод өртсөн талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Хордсон хүмүүсийн 10 нь 10 хүртэлх насны, зургаа нь 11-14 насны, дөрөв нь15-18 насны хүүхэд, үлдсэн 22 нь насанд хүрсэн иргэд байжээ. Үүнээс 18 хүн хөнгөн, 24 хүн дунд зэргээр хордсон бөгөөд хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, тандалт судалгааны ажлуудыг хийж байгаа ажээ. Энэ хүрээнд Засгийн газрын 2001 оны 224 тоот тогтоолын дагуу «Анхаарал болгоомжтой алхацгаая, Аюулгүй орчныг бүрдүүлцгээе» уриан дор унаж бэртэх, угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэх сарын аяныг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж байна. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сургалт, сурталчилгааны ажлуудыг явуулж байгаа аж.

Сануулж хэлэхэд, өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 27 өрхийн 96 хүн угаарын хийн хордлогод өртөж, дөрвөн хүн нас барсан тохиолдол гарч байсан юм.

Холбоотой мэдээ