Энэ онд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд 32.7 тэрбум төгрөг зарцуулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-12 18:09:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн тархвар зүйч Лини Вили, Хепатитын асуудлаарх хамтын ажиллагааны дарга Бенжамин Кови нарыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэдээллийн санг баяжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр ирсэнд нь тэдэнд талархал илэрхийлээд, 2020 он гэхэд, 2.185.264 иргэнийг хепатитын В, С вирусын шинжилгээнд бүрэн хамруулах зорилтыг манай улс дэвшүүлэн ажиллаж байна. Тус  хөтөлбөрийг 2017 онд эхэлж, 40-65 насны 750 040 хүнийг элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулахаас 353.445 буюу  47.1 хувийг нь хамруулсан” гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтын нэг, хүн амын дундах элэгний вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой энэхүү  хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

2018 онд В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд 15-39 насны нийт 695.375 хүн хамруулахаас 425.611 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 61.2 хувийг хамруулжээ. 2017 оноос эхлэн С вирусын халдвар илрүүлэх, идэвхжил тодорхойлох шинжилгээний үнийг 100 хувь, эмийн үнийн хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас 1 хайрцаг эмэнд 210 мянган төгрөгөөр хөнгөлж байсан бол 2018 онд В вирусын халдвар илрүүлэх болон ачаалал тоолох шинжилгээний төлбөрийг ЭМД-аас 100 хувь, вирусын эмчилгээний эмийн үнийг ЭМД-аас 60 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан нь элэгний В вирусын халдварыг эрт илрүүлж хяналтад авах боломж бүрдсэн байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, 2017 онд ЭМД-ын сангаас 18.8 тэрбум, 2018 онд 19.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа бөгөөд В, С вирусын халдвар илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд ЭМД-ын сангаас 32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ