Монгол, Австралийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-31 20:42:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Австрали Улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар томилогдсон Дэвид Восеныг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг хүслээ.

Элчин сайд Дэвид Восен Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны дэд сайдад гардуулаад, Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хүчин зүтгэхээ илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Австралийн харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа нотлоод, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Австрали Улсаас манай улсад үзүүлдэг хөгжлийн тусламжийн хүрээнд олон зуун төрийн албан хаагч мэргэжил дээшлүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ