“Эрдэнэт авьяастан” төвийн сурагчид олон улсын тэмцээнээс 30 гаруй медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-01 10:39:52
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Төгөлдөр хуурын сургалтын “Эрдэнэт Авьяастан” төвийн сурагчид 2018 онд БНСУ, Франц улсын тэмцээнд амжилттай оролцсон тул аймгийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит  шагналаар шагнууллаа. Тодруулбал, У.Сарантуяа, Г.Марал, И.Их-Ундарга, Г.Энхлүүн, Б.Хулангоо нар шороон нохой жилийн шилдэг сурагчаар шалгарсан байна.

“Эрдэнэт Авъяастан” төв нь 2005 онд байгуулагдсан бөгөөд сурагчид нь улсын уралдаанаас 300, олон улсын тэмцээнээс 30 гаруй шагнал хүртсэн байна.

2018 онд БНСУ-д болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнд хоёр хүүхэд оролцож АНУ-ын Нью-Йорк хотод болох тэмцээнд оролцох эрхээ авсон бол таван сурагч Франц улсын уралдаанд оролцсон байна.

“Эрдэнэт Авьяастан” төв нь өөрсдийн нэрэмжит “Авьяастан” тэмцээнийг хоёр жил тутам зохион байгуулдаг ажээ.

Орхон аймагт төгөлдөр хуурын гурван сургалтын төв байдгаас “Эрдэнэт Авьяастан” төв нь Улаанбаатар хотод салбартайгаараа онцлог юм. Тус төв сурагчдаа гадаад, дотоодын тэмцээн уралдаанд байнга оролцуулж, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэхээс гадна туршлага судлах, хөгжмөөр дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд анхаардаг байна.







Холбоотой мэдээ