АНУ-д суугаа монголчууд 4 тонн хэвийн боов захиалж байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-23 16:19:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-АНУ-ын хамтарсан “Англо Фрейт” компани өнгөрсөн оны сар шинийн баяр Цагаан сарын өмнө АНУ дахь монголчуудын захиалгаар 4 тонн хэвийн боов ачуулж байжээ.

“Энэ жил захиалга өссөн” гэж дээрх компанийн ерөнхий захирал Д.Оюунбилэг хэлж байна. Одоогоор захиалгын дүн бүрэн гараагүй байна. Олон улсын шуудан илгээмж, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг тус компанийн шугамаар гадаадад суугаа монголчууд 6 тонн хэвийн боов захиалсан тухай мэдээтэй байна.


Манай улсын экспортыг нэмэгдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнийг нэг нь гадаад худалдааны нэгдсэн сүлжээ байгуулах явдал юм. Энэ тал дээр “Англо Фрейт” компани гадаад худалдааны сүлжээг байгуулах ажилд үлгэр жишээ болон оролцож байна. Эднийх АНУ-ын хэд хэдэн хотод агуулах байгуулж, олон улсын тээвэр зуучийн “FedEX”, “United States postal service” системд холбогдож Монголын компаниудыг дэлхийд гаргахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа талаар өнгөрсөн онд зохион байгуулсан “Монгол Улсын экспортын боломж” буюу “Export Mongolia-2018” форум дээр  “Англо Фрейт” компанийн Ерөнхий захирал Д.Оюунбилэг танилцуулж байсан юм.


Тэрбээр, өнөөдөр манай улсын экспортлогч компаниуд олон улсын онлайн худалдааны "Amazon", "Ebay" сайтуудад бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулах боломжтойг “сануулж” байв. “Англо Фрейт” компани нь АНУ, Канад, Япон зэрэг оронд Монголын ААН-үүдээ оролцуулсан бизнес уулзалт болон гадаадад үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг байна. Тээвэр зуучийн компанийн хувьд “Англо Фрейт” Монголын компаниудыг дэлхийтэй ийнхүү холбож өгч байна. “Монгол Улсын экспортын боломж” форум дээр “ТЕСО”, “Хаадын гэр”, “Лидер Кашмер” зэрэг компанийн төлөөлөл экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа туршлагаа хуваалцаж байсан юм.

Б.Болд


Холбоотой мэдээ