Баян-Өлгийн анхан шатны шүүх 218 сая төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-21 21:35:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 онд 123 хөдөлмөрийн эрх зүйн маргаан шийдвэрлэснээс 70 нь ажилд эгүүлэн томилох, 48 нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай, үлдсэн тав нь ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны олговор буюу цалингаа хамтад нь гаргуулах тухай нэхэмжлэл байжээ.

            Тухайн онд шийдвэрлэсэн энэ төрлийн хэргийн тоо 2017 оныхтой харьцуулахад 34 хэргээр бага аж.  

Шүүх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай 75 маргааны 35 хүнийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон, 20 хүний маргааныг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 20 хүний нэхэмжлэлийг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн маргааныг ангилж үзвэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн тав, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нэг, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан 11, хэргийн оролцогчид хоорондоо эвлэрсэн гурван маргаан байна.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилсон 35 маргаанаас хоёр маргааныг шүүх нэхэмжлэлийн шаардлагаар бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид үүрэг болгожээ.

Шүүхэд 53 хүн ажилгүй байсан хугацааныхаа олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас 33 хүний нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ. Үүнээс 14 нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч сайн дураар биелүүлждөрвөн хэргийн зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нэг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нэг шийдвэр тус тус гарчээ.

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нийт 53 иргэний хэргээс үзвэл, ажилгүй байсан хугацааны  218 сая 964 мянга гаруй төгрөгийн үнийн дүнтэй олговрыг хариуцагч буюу ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ