Улиастай сумын таван сурагч Тайванийн Азийн их сургуульд 50 хувийн тэтгэлэгтэй суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-20 20:49:36

Завхан/МОНЦАМЭ/.Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн таван сурагчийг Тайванийн Азийн их сургуульд 50 хувийн тэтгэлэгтэй суралцуулж байна.

Улиастай сумын таван сургуулиас сурлагын үзүүлэлтээрээ сонгогдсон 25 сурагч гадаад хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор гурван сарын хугацаанд хоёр үе шаттайгаар англи хэлний сургалтад хамрагджээ. Үүнээс шалгалтын үнэлгээний дагуу шилдэг таван хүүхэд нь Тайванийн Азийн их сургуульд суралцаж байгаа ажээ.  Эдгээр оюутнуудын байрны төлбөрийг Улиастай сумын Засаг даргын Тамгын газар бүрэн хариуцсаны зэрэгцээ сургалтад хамрагдсан  сурагчдын  сургалтын хэрэглэгдэхүүн,  багшийн  ажлын хөлсөнд нийт  13,0 сая төгрөгийг зарцуулжээ. Цаашид гадаад хэлний мэдлэгээ сайжруулах, гадаадын их дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Тайванийн Азийн их сургуульд элсэн суралцах сонирхолтой суралцагчдыг дэмжиж ажиллана. Хүүхдүүд маань гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж сурлагын чанартаа ахиц гаргавал бүх хүүхдэд боломж бий хэмээн Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Нэмж дуулгахад Улиастай сумын ЗДТГ-аас сурган хүмүүжүүлэх үйлсдээ өндөр амжилт гаргасан Чандмань эрдэнэ лаборатори сургуулийн биеийн тамирын багш Г.Мөнхбилэгийг сумын “Сайн багш”-аар шалгаруулан 500 мянган төгрөгөөр, “ЖЦС-ийн багш Ц.Мөнхцэцэг, Iцэцэрлэгийн багш Д.Болор-эрдэнэ нарыг сумын “Боловсролын салбарын тэргүүний ажилтан”-аар,”Жавхлант цогцолбор сургуулийн багш Б.Наранжаргалыг “Малжуулах хөтөлбөрт” шалгаруулж нэг сая төгрөгийн  батламжийг өгчээ.

 

Холбоотой мэдээ