Хөвсгөлд гахайн мялзан гарсан нь тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-19 12:26:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн нутаг “Олны өтөг” гэдэг газар өвөлжиж байгаа  иргэн У.Дарханбаатарын 45 гахайны 35 нь үхсэн бөгөөд шинжилгээгээр гахайн мялзан өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ.

Энэ асуудлыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцэж өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ны өдрийг хүртэл 7 хоног “Олны өтөг”-т  өвөлжиж байгаа иргэн У.Дарханбаатарынхаас 3 километрт радиуст хорио цээрийн дэглэм тогтоолоо. Мөн үхсэн гахайн сэг, зэм хашаа хороог усгаж ариутгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуягаар ахлуулан байгуулав. Аймгийн хэмжээнд гахайн мах, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглож иргэдийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байв. Тус аймгийн хэмжээнд 479 гахай байгаа бол Мөрөн суманд 4 иргэнд 153 гахай байгаа судалгааг гаргажээ. Мэргэжлийн байгууллагууд гахайн мялзан өвчин гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ