Бразилын Үндэсний музей гал түймэрт өртсөнөөс хойш анх удаа үзэсгэлэн гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-18 15:18:42

БРАЗИЛИА. /Xinhua/. Өнгөрсөн оны есдүгээр сард Бразилын Рио-Де-Жанейро хотноо байрладаг 200 жилийн түүхтэй Үндэсний музейд гал түймэр дэгдэж, ихээхэн хэмжээний хохирол амссан билээ. Энэ үеэс хойш тус музей анх удаа үзэсгэлэн гаргахаар болсон тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


“Бүх зүйл мөс биш байх үед буюу Антарктид тивийн шинэ олдворууд” нэртэй үзэсгэлэнг Бразилын “Mint” музейд зохион байгуулах бөгөөд энэхүү музей нь 19-р зууны үед Үндэсний музейн гол байр байжээ.


Үндэсний музей нь Бразилын хамгийн эртний байгууламжуудын нэг бөгөөд 3000 жилийн өмнөх үед хамаарах занданшуулсан шарилуудаас эхлээд эртний ховор нандин олдворууд багтсан 20 сая гаруй үзмэртэй ажээ. Мөн Латин Америкийн хамгийн том үндэсний түүхийн музейд тооцогддог юм.


Гал түймэрт маш олон үзмэр сүйдсэн хэдий ч мэргэжилтнүүд музейн барилга болон үзэсгэлэнгүүдийг сэргээн босгохоор ажиллаж байгаа ажээ. Мөн музейг дахин сэргээхэд олон улсын нийгэмлэгүүд ихээхэн тусламж үзүүлж байгаа тухай Бразилын Засгийн газар мэдэгдэв.  

Холбоотой мэдээ