Бүлэглэн дээрэмддэг зургаан этгээдийг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-17 11:01:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллага шөнө оройн цагаар ганцаараа явж буй эмэгтэйчүүд, биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон иргэдийн хоолойг боож, эд зүйлийг нь дээрэмддэг зургаан этгээдийг баривчлав. 

Тодруулбал, Нийслэлд өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлэн дээрх хэргийг үйлддэг 18-19 насны зургаан залууг цагдаагийн байгууллага илрүүлэн, өнгөрсөн шөнийн 01 цагт дайчлан баривчилжээ. Урьдчилсан мөрдөн байцаалтад, Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, эрхэлсэн ажилгүй тэдгээр залуус 21 удаа дээрмийн хэрэг үйлдсэн болохоо мэдүүлжээ. 

Шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэг, камерын хяналттай газраар зорчих, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид зөвлөж байна.

Холбоотой мэдээ