Цасны баярын азтан мотоцикл гарджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-16 10:10:43

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт өнгөрсөн амралтын өдөр өндөр хонжвортой өвөрмөц цасны баяр болж 400 гаруй хүн оролцжээ. Завхан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 2018 онд шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлээгүй бөгөөд гишүүдийнхээ санаачилгаар эрүүл агаар, эм нэртэй олон нийтийг хамруулсан цасны баярыг ийнхүү зохион байгуулжээ.

Цасны баярыг аймгийн Үйлдвэрчний эвлэлээс санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн БТСГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хандив дэмжлэгээр таван сая төгрөг, аймгийн Засаг даргын тамгын газраас хоёр сая төгрөгийг гаргаж нийт долоон сая төгрөгийн хонжворын сантай сугалааг явуулж 101 азтан тодруулжээ. Цасны баярт оролцсон иргэд гэр бүлээрээ болон ажлын хамт олноороо баг болж цасны барилдаан, цасаар хэн сайн урлах вэ? зэрэг тэмцээн зохион байгуулсан байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг эрүүл агаар эм нэртэй цасны баяр нь энэ жил амралтын өдрийг үр дүнтэй өнгөрүүлж эрүүл мэнддээ анхаарал тавьж буй иргэд болон үйлдвэрчний эвлэлийн гишүүдээ урамшуулах зорилготой азтан шалгаруулсан аж. Ингээд 2019 оны анхны цасны баярын супер азтанаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Н.Мөнхзул тодорч аймгийн Засаг даргаас мотоцикл гарджээ. Харин Улиастай сумын 1-р цэцэрлэгийн багш М.Нарантуяа хөргөгч, 4-р цэцэрлэгийн багш Л.Даваацэрэн телевизор сугалж тус тус супер азтан болжээ. Аз эзнээ оллоо хэмээн иргэд хурайлан азтануудад баяр хүргэлээ.

Дашрамд Улиастайчууд долоо хоног бүрийн бямба гаригийг эрүүл мэнддээ анхаарал тавих өдөр хэмээн нэрийдэж иргэн бүр, албан байгууллага бүр энэ өдөр хамт олон, гэр бүлээрээ ууланд алхах, цасны болон элсний баяруудыг улирлын чанартай зохион байгуулж хэвшжээ. 

2018 оны шилдэг анхан шатны хороогоор аймгийн Нэгдсэн эмнэлэг шалгарчээ

Завхан аймгийн Үйлдвчэрчний эвлэлийн холбоо нь биеийн тамир спортыг хөгжүүлэх Монгол улсын Засгийн газрын 05 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/28 тоот захирамж, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 18 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамирыг хүн амын эрүүл аж төрөх, урт наслах арга хэрэгсэл болгон төлөвшүүлж, иргэд хөдөлмөрчдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх болон нийгмийн түншлэлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор бүх нийтийн цасны баярын арга хэмжээг энэ жил гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.

Цасны баярын арга хэмжээний үеэр 2018 оны үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлсан аймгийн Нэгдсэн эмнэгийн ҮЭ-ийн хороо, Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн ҮЭ-ийн хороо,  Богдын гол Усан цахилгаан станц ХХК-ний ҮЭ-ийн хороодыг аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018 оны “Шилдэг анхан шатны хороо”-оор шалгаруулан батламж, мөнгөн шагналаар шагнажээ. Мөн гишүүн байгууллагын үүргээ биелүүлж аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог, санхүүгийн сахилга баттай анхан шатны хороодын төлөөлөл Улиастай сумын Дэвшил сургууль, Тосонцэнгэл сумын I сургууль, Их-Уул сумын ЕБС, Тэлмэн, Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургууль, Цагаанчулуут сумын ҮЭ-ийн хороодод аймгийн ҮЭ-ийн холбооны даргын талархлын бичиг гардууллаа. Мөн цасны баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Энэ жилийн хувьд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр анхан шатны хороод болон гишүүдийн үр ашиггүй зардалыг хэмнэх үүднээс 2018 оны шинэ жилийн цэнгүүн зохион байгуулаагүй бөгөөд цэнгүүнд зарцуулагддаг хэмжээний мөнгөөр гишүүдийнхээ дунд азын сугалаа сугалуулж 101 азтанг тодруулсан байгаа хэмээн аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ