Манай улс хамгийн их бохирдолтой шатахуун импортолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-15 12:56:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн гаднах ханшаас хамаарч шатахууны үнэ 200-300 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн тухай ШӨХТГ-ын дарга Б.Лхагва өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

Тэрбээр, “Гадаад зах зээлийн ханш хэрхэн хөдлөхөөс хамаарч шатахууны үнэ ханш өөрчлөгддөг.

Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл шатахууны хилийн гаднах үнэ тонн тутамд 86-107 ам.доллароор буурсан.

Тиймээс шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөс ч илүү буурах нөхцөл бүрдсэн” хэмээн мэдэгдэв.

Тус газраас шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах шаардлагыг нефть импортлогч ААН-үүдэд өмнө нь хүргүүлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан шатахууны үнэ ханшийг дахин бууруулах шаардлагыг тавьж байгаа аж. Мөн тэдгээр ААН үнэ ханшаа өөрчлөхдөө хэрэглэгчдэд тайлбарлаж, мэдээлдэг байхыг зөвлөв. ОХУ, БНХАУ зэрэг хөрш орнуудад Евро-5 стандартын шатахуун хэрэглэдэг ч манай улс хамгийн их бохирдолтой буюу Евро-2 шатахуун импортолдог байна. Тиймээс Стандарт, хэмжил зүйн газраас дэлхийн түвшинд хүрсэн стандартыг батлах шаардлагатай байгааг тэрээр онцолсон.

Энэ асуудлаар сэтгүүлчдийн асуултад тэрбээр ийнхүү хариуллаа.


-Танай байгууллага ААН-үүдэд шаардлага хүргүүлдэг. Бодит арга хэмжээ авах эрх зүйн орчин бий юу?

Хуулийнхаа дагуу манай байгууллага үнэ ханш тогтоох, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах саналаа боловсруулж Засгийн газарт хүргүүлдэг. Гэвч саналыг бусад хүчин зүйлсээс хамаарч, олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуулийнхаа хүрээнд хяналт тавьж, ААН-үүдэд шаардлага тавьдаг.  Харин бензин, шатахуунтай холбоотой асуудлыг “Нефтийн бүтээгдэхүүний тухай” хуульд өөрчлөлт оруулж, манай байгууллагын хүлээх үүрэг, оролцоог нэмж, хариуцлагын тогтолцоотой болсноор шийдэх боломжтой. Энэ талаар УУХҮЯ-нд саналаа хүргүүлсэн байгаа.


-Хэдэн гэхэд шатахууны үнэ ханшийг бууруулсан байхыг шаардсан бэ?

Нэг сарын өмнөөс шатахууны хилийн гаднах үнэ буурсантай холбогдуулан нефть импортлогч ААН-үүдэд энэ сарын 4-ний өдөр үнээ буулгахыг шаардаж, өнөөдрийг хүртэл хариу мэдэгдэхийг хүссэн. Зарим ШТС-ууд үнээ буулгасан байна. Гэхдээ нэг сарын өмнөөс буурсан хилийн цаадах үнэ ханштай уялдуулж 200-300 төгрөгөөр буулгах боломжтой гэж үзэж байна.


-Шатахууны үнийг буулгаагүй ААН-үүдэд ямар арга хэмжээ авах вэ?

Хэрвээ шатахууны үнэ буурахгүй бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Өрсөлдөөний тухай хуулийн зарим заалтын дагуу арга хэмжээ авна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулинд заасан хамгийн дээд хэмжээгээр торгодог.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ