ХЭҮК-оос Дорноговь аймгийн эмнэлгүүдийн чанар, хүртээмжийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-14 15:35:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 14-19-нд Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шалгана.

Тус ажлын хэсэг Дорноговь аймгийн төв эмнэлэгт үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр хяналт тавина.

Мөн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй компаниуд, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж буй эсэхийг шалгах аж. Хяналт шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн явуулж байна.

ХЭҮК-оос эмнэлгийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй байгаа эсэхэд бүтэн жилийн турш хяналт тавихаар болжээ. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Дорноговь аймгаас хяналт шалгалтаа эхлүүлээд байна.  

Шалгалтын гол зорилго нь үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалах хүний эрхийн хэрэгжилтийг шалгахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг хангах талаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж өгч ажиллах юм.

Холбоотой мэдээ