Авлигаас ангид байх баталгаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-17 22:26:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоож, цаашид сахилга хариуцлагыг дээшлүүлэх, соёл хүмүүжлийн ажил, арга хэмжээ зохион байгуулах зорилгоор "Сахилгын зөвлөлгөөн"-ийг зохион явуулжээ.  

Сахилгын зөвлөлгөөнөөр 2018 онд алба хаагчдаас гарсан сахилгын зөрчилд дүн шинжилгээ хийж, фокус ярилцлагыг зохион байгуулж, алба хаагчдын албаны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мөрдөн шалгах ажиллагаа”-тай холбоотой сахилгын зөрчлийн талаар мэдээлэл хийсэн байна. Мөн Цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, сахилгын дүрмээр алба хаагчдын мэдлэгийг дээшлүүлж, цаашид сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй байх, албаны өндөр хариуцлагатай ажиллах, авлигаас ангид байх баталгаа авчээ.

Түүнээс гадна сахилгын зөрчил гаргасан алба хаагч нартай сахилгын гэрээг байгуулж, 2019 оныг “Алдаанаасаа суралцаж, мэдлэг ур чадвар, ёс зүйн хариуцлагаа дээшлүүлье” уриалгыг хэрэгжүүлэн ажиллахаар тогтсон байна.

Холбоотой мэдээ