Ирэх онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 278 барилга ашиглалтад хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-08 18:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ХНХЯ, БСШУСЯ, ЭМЯ-ны 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар салбар хариуцсан сайд нарын мэдээллийг сонслоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 36 тэрбум 723.3 сая төгрөгөөр барилга, тоног төхөөрөмж, их засвар, хөрөнгө оруулалтын 97 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ны байдлаар нийт төслийн санхүүжилт 97.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцууллаа.

Тэрбээр, "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан төслүүдээс нийслэл, дүүргийн Засаг дарга нарт 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4 төсөл, аймгийн Засаг дарга нарт 5.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлсэн. Мөн салбарын харьяа газар, агентлагууд 2.6 төгрөгийн өртөг бүхий 43 төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүллээ. ХНХЯ болон нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга нар, харъяа агентлагууд хэрэгжүүлэх төслүүдийг Монгол Улсын хуулийн дагуу хэрэгжүүлж байна" гэлээ.

Өнгөрсөн онд боловсролын салбарт 265, соёлын салбарт 50, спортын салбарт 10 төсөл хэрэгжүүлснийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа танилцууллаа. Тухайлбал, 2018 онд тус салбарт нийт 53 барилга ашиглалтад орсон бөгөөд үүний 27 нь цэцэрлэг, 12 нь сургууль, долоо нь спорт заал, долоо нь дотуур байр аж. Ирэх онд БСШУС-ын салбарын бүтээн байгуулалтын хүрээнд 278 барилга ашиглалтад хүлээн авахаар төлөвлөснийг салбарын сайд онцоллоо.

Харин эрүүл мэндийн салбарт энэ онд нийт 60.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал, 23.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 29 шинэ барилга, 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 10 их засвар, 10 тэрбум төгрөгийн өртөгтэй 11 шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх төсөл хэрэгжсэн байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар эрүүл мэндийн салбарт зарцуулах 60.7 тэрбум төгрөгөөс 46 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн танилцуулсан юм.

Холбоотой мэдээ