Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд 70 төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-08 18:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд энэ онд тохиож буй Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх 70 төсөл, 2020 онд хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх талаар санал солилцов.

БНХАУ-ын Тяньжин хотод үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, компаниуд гааль, хорио цээрийн болон холбогдох бусад бичиг баримтын бүрдүүлэлтийг Улаанбаатар хотод хийдэг болох талаар хоёр орны холбогдох албаныхан судалж буй юм. Түүнчлэн Улаанбаатар хот орчимд хүлэмжийн цогцолбор байгуулж, нийслэлийн хүн амыг хүнсний ногоогоор хангах, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх асуудлыг судалж байгааг талууд цохон тэмдэглэв.

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хүмүүнлэгийн солилцооны механизмын 2 дугаар уулзалт удахгүй БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох аж.

Холбоотой мэдээ